ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ДАВХАР ЭРХЭЛЖ БОЛОХ АЖИЛ

 

Давхар ажил эрхлэлт гэдэг нь үндсэн ажлынхаа хажуугаар зохих зөвшилцөл, гэрээний дагуу болон төрөл бүрийн хэлбэрээр бие даасан нэгээс илүү байгууллагын үйл ажиллагаанд оюуны болон биеийн хүчээ зарцуулан мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цалин, хөлс авч ажиллахыг хэлнэ.

Нийтийн албан тушаалтан Та:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс уьдчилан сэргийлэх тухай” хуулийн 18 дугаар зүйлийн “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт ”-д заасны дагуу дараахь ажил албыг давхар эрхэлж болно. Үүнд:

  1. Хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил;
  2. Багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;
  3. Ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг;
  4. Татварын албанд ажил үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно. /Албан тушаалтан үүнээс бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно/

pic_015

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр                                                                                          Улаанбаатар хот

 

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН

 СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС…

18 дугаар зүйл. Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт

18.1.Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.

18.2.Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн дараах ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно:

18.2.1.хууль болон олон улсын гэрээгээр зөвшөөрсөн ажил;

18.2.2.нийтэд тустай үйл ажиллагаанд чиглэсэн ажил;

18.2.3.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;

18.2.4.хуульд заасан бол өөр өөрийн чиг үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал;

18.2.5.хууль тогтоомжоор зөвшөөрсөн олон улсын байгууллага дахь албан тушаал.

18.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаны албан тушаалтан салбарын хуульд тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

18.4.Зэвсэгт хүчний албан тушаалтан өөрийн удирдах албан тушаалтны бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж, эрх эдэлж болно.

18.5.Энэ хуулийн 18.2-18.4-т зааснаас бусад албан тушаалтан дараах ажлыг давхар эрхэлж болно.

18.5.1.хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил;

18.5.2.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;

18.5.3.ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг.

18.6.Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.7.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол Улсын Их Хурлаас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно.

19 дүгээр зүйл.Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журам

19.1.Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан танилцуулга хүлээн авсан албан тушаалтан ажлын байрны шаардлагыг харгалзан 30 хоногийн дотор давхар эрхэлж болохгүй алба, ажил, үүргээс чөлөөлөгдөх, гэрээ болон эрхийг цуцлах эсэх тухай шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.

 

20 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт

20.1. Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.

/Энэ хэсгийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд энэ зүйлд заасан үүргийг нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн биелүүлнэ.

20.4.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтан тухайн хуулийн этгээдэд нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалгын нийлүүлэгчээс ашиг авахыг хориглоно.

20.5.Албан тушаалтан нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авахыг хориглоно.

21 дүгээр зүйл.Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалт

21.1.Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

21.1.1.урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах;

21.1.2.урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх;

21.1.3.урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх.

21.2.Энэ хуулийн 21.1.2-т заасан хязгаарлалт нь тухайн этгээд албан тушаалд сонгогдож, томилогдохоос өмнө байгуулагдсан буюу сунгагдсан гэрээ, контракт, түүнчлэн нээлттэй тендер шалгаруулалтын дагуу байгуулагдсан, эсхүл жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс бага үнийн дүн бүхий гэрээ, контрактад хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21.3.Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй албаны чиг үүргийн дагуу харилцаа тогтоохыг хориглоно.

21.4.Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалт зөрчигдөж байгаа талаар эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

22 дугаар зүйл.Бусад орлогын хязгаарлалт

22.1.Албан тушаалтан өөрийн албан үүргийн дагуу авах цалин хөлснөөс гадна энэ хууль, бусад хуулиар хориглоогүй бусад ажил, алба, гэрээний урамшуулал, мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болно.

22.2.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол Засгийн газрын гишүүний цалин авна.

22.3.Албан тушаалтан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил, үүрэг гүйцэтгэж байхдаа болон ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд дараах үйл ажиллагааг хориглоно:

22.3.1.шууд, эсхүл гуравдагч этгээдийн зуучлалаар ажил, үүрэгтэй нь холбоогүй санхүүгийн эх үүсвэр зэрэг аливаа үр ашиг хүлээн авах;

22.3.2.холбогдох төрийн өмчит хуулийн этгээд болон түүний удирдлага, захиргааны гишүүнээс бэлэг авах;

22.3.3.холбогдох төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаас, хөрөнгө олж авах;

22.3.4.холбогдох төрийн өмчит хуулийн этгээдэд өөр албан тушаал эрхлэх.