Газар хөдлөлтийн үед “СУУ, НУУГД, ХҮЛЭЭ”

IMG_0824 Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гарагт  газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулж байхаар санаачилж, улмаар Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болохоор шийдвэрлээд байна.

Энэ хүрээнд Хан- Уул дүүргийн Онцгүй байдлын хэлтсээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хэрхэн хангах талаар Гадаадын иргэн, харьяатын газрын нийт албан хаагчдад мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Улаанбаатар орчимд 2000 онд жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн судалгаа гарсан байна.

Газар хөдлөлтийн үед хүмүүс айж цочирдох, бэртэх, амь насаа алдах, галын аюул болон бусад янз бүрийн эрсдэлд орох аюултай байдаг ба иргэд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар мэдлэгтэй байх нь чухал аж.

Тиймээс  газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, иргэдэд өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа юм байна.

ТҮГШҮҮРИЙН ДОХИО ДУУГАРСАН ҮЕД ИРГЭД ЯАХ ВЭ?

Нэг дэх түгшүүрийн дохио дуугарахад: Иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.

Хэрэв та гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.

Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь түгшүүрийн дохио дуугарахад: Анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж, баруун гар талаа барьж “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

Гурав дахь түгшүүрийн дохио дуугарахад: Та өөрийн харъяалалын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгөх ёстой.

Ус, цахилгаан, дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй 3 хоног болон түүнээс ч удаан хугацаагаар бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй юм.

Тиймээс Гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн 15 нэр төрлийн эд зүйлсийг бүрдүүлэн /Хүнс, ус, гар чийдэн, зай, анхны тусламжийн иж бүрдэл, радио хүлээн авагч, багаж хэрэгсэл, скоч, хутга, нийлэг уут, шүгэл, дулаан хувцас, чухал бичиг баримтаа хадгалах, ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, төлбөрийн карт, үүргэвч, унтлагын уут/ бэлтгээрэй