“Захиргааны ерөнхий хуулийн практик хэрэглээ” сэдэвт сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлаас Захиргааны ерөнхий хуулийг батлан гаргаж , 2016 оны долдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2017. 03. 17/ Гадаадын иргэн, харьяатын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалт тус газрын нийт албан хаагчдын дунд зохион байгууллаа. Сургалтыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э. Сэлэнгэ удирдан явуулсан юм.

Тэрээр албан хаагчдад уг хуулийн талаархи нэгдсэн ойлголтыг өгч, практикт хэрхэн хэрэглээ болгох талаар танилцууллаа. Мөн “ Захиргааны ерөнхий хууль нь захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь хууль учраас төрийн албан хаагчдын хувьд заавал мэдэж байх ёстой, үйл ажиллагаандаа алхам тутамдаа хэрэгжүүлж явах учиртай эрх зүйн баримт бичиг” гэдгийг ч сургалтын үеэр онцоллоо.

Өнөөдөр Монгол Улсад захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 250 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд эдгээр хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хууль нь ийнхүү Захиргааны ерөнхий хууль болж байна.

Энэхүү хууль нь иргэд, захиргааны байгууллага, албан тушаалтнуудын харилцааг зохицуулах, хүний эрх зөрчигдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх, захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн, тэгш эрхийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

 

DSC_0002 DSC_0009 DSC_0016 IMG_0829