ЗӨВЛӨГӨӨ ТУСЛАМЖ

Хүсэлт гаргагч нь хаана оршин сууж байгаагаас шалтгаалан тухайн газрынхаа аймаг, нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын харьяат болоход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлтийн хамт тухайн газрынхаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгнө гэсэн үг.

Манай улс хуулираа давхар харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардана. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байна.

Банк, санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл бол тухайн байгууллагын албан бичигтэйгээр, албаны тээврийн хэрэгсэлтэй явах бол албан томилолттойгоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхтэйгээр хил нэвтэрнэ.

Паспортын хүчинтэй байх хугацаа, хүчин төгөлдөр байх нөхцөл алдагдаагүй тохиолдол Монгол Улсын талаас зохих журмын дагуу шалган нэвтрүүлнэ.

Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 5.12-д албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний хүүхэд нь 18 хүртэлх насны хүүхэд байна гэж заасан тул таны хүүхэд Монгол Улсад оршин суухаар бол өөр оршин суух хэлбэрээр зөвшөөрөл авахыг шаардана.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.2-д  “уригч” гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг  хэлнэ гэж  заасан байдаг тул та хамаатан садан, найз нөхдөө урьж болно.

Та манай байгууллагад визийн хугацаагаа сунгуулах талаар хүсэлт гаргах бөгөөд энэ дагуу визийн байх хугацааг зайлшгүй сунгах шаардлагыг харгалзан сунгах боломжтой. Харин та виз сунгуулахаас өмнөх зургаан сард визийн байх хугацааг сунгуулаагүй байх ёстой. Визийн хугацааг сунгахад 7 хүртэл хоногоор 27.000 төгрөг, 7 хоногоос дээш хугацаагаар  сунгах /хоног тутам/ 3 600 төгрөг байна.

Энэ тохиолдолд өөрийн оршин суух зорилгод нийцсэн визтэй байхыг заавал шаардах тул визийн ангилал солих боломжгүй.