“Э-иммигрэйшн” төслийн нээлт амжилттай боллоо

Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Бүгд найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Э-иммигрэйшн төслийг хүлээлцэх, Монгол Улсын хилийн хяналт, шалгалт, гадаадын иргэдийн бүртгэлийн ISM системийг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд боллоо.

14694901_1181749188573258_950584651_n

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Терроризмын болзошгүй аюул өсөн нэмэгдэж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг өргөжиж, баримт бичгийн хуурмаглалын төвшин өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн цаг үед улс орны үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хууль хяналтын байгууллагууд хоорондоо мэдээлэл шуурхай солилцож хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох зорилт Монгол Улсын өмнө чухлаар тавигдаж байна. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн Э-Иммигрэйшн төсөл чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцлов.

14740988_1181749181906592_167870818_n

 

Цааш нь тэрбээр төсөл хэрэгжсэнээр мэдээллийн баазыг сайжруулж, нууцлалыг найдвартай болгон, зорчигч, тээврийн хэрэгслийг шуурхай хугацаанд хилээр нэвтрүүлэх, хяналтын системийг сайжруулах ач холбогдолтой боллоо. Монгол Улсын хэмжээнд 48 хилийн боомт байгаагаас 27 боомт нь байнгын ажиллагаатай байдаг. Эдгээрт дээрх систем нэвтрээд явна. Мэдээллийн хувьд нууцлалын зэрэгтэй бөгөөд төслийн гүйцэтгэгчээр ажилласан БНСУ-ын SYSONE компани тус улсдаа тэргүүлэгч, ажлын туршлагатай учир мэдээллийн нууцлалын хувьд найдвартай гэдгийг хэллээ.

Таван сая ам.долларын өртөг бүхий буцалтгүй тусламжаар хийгдсэн Э-иммигрэйшн төсөл нь “Техникийн хамтын ажиллагааны талаарх Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээ”-нд үндэслэн хийгдэж, 2014 оноос 36 сарын хугацаатай хэрэгжүүлж энэ онд амжилттай дуусч байгаа юм байна.

Э-иммигрэйшн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэдийн тоо, бүтцийг үнэн зөв тогтоох, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах асуудлыг Монгол Улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, үнэн зөв мэдээллээр хангах боломж бүрдэх, иргэд хилээр нэвтрэх шалгагчгүй шалган нэвтрүүлэх цахим системийг бий болгох, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай болгох зэрэг олон зорилтыг шийдвэрлэх бүртгэл, хяналтын цогц систем Монгол улсын хэмжээнд бий болох боломж бүрдэж буй юм.

Мөн үеэр төслийн гүйцэтгэгчээр ажилласан SYSONE компанийн ерөнхий захирал И Сан Хүн шалган нэвтрүүлэх цахим гарцын талаар зарим мэдээллийг өгөв.

14699879_1181749185239925_1943578433_n

Энэхүү цахим гарц нь хүний оролцоогүйгээр хүмүүсийг шалган нэвтрүүлэх систем юм. Энэ технологийн гол онцлог нь хүний нүүрний зургийг урдаас нь авдаг, хурууны хээ танигчтай, паспортын мэдээллийг нь үндэслэж шалгадаг.

Тодруулбал хилээр нэврэх иргэн нь гурван шатлалаар шалгагдана. Эхний шатлал нь гадаад паспортаа уншуулж, нэвтрэх гэж байгаа иргэний зургийг нүүрэн талаас нь шууд авч, паспортын зурагтай харьцуулан, бичиг баримтын хуурмаглал байгаа эсэхийг шалгуулж, зөрчилгүй тохиолдолд эхний хаалга нээгдэнэ. Хоёр дахь шатлал нь хурууны хээн мэдээллийг паспортын мэдээлэлтэй харьцуулж шалгуулснаар зөрчилгүй тохиолдолд хоёр дахь хаалга нээгддэг юм байна. Өөрөөр хэлбэл эдгээр нарийн аргачлалын дагуу цахим машинд хуурамч бичиг баримт уншуулж, хил нэвтрэх ямар ч боломжгүй гэсэн үг.

Цахим гарцыг ашиглаж эхэлснээр шалган нэвтрүүлэх нийт процессын хугацаа нь 15 секунд болсон бөгөөд өмнөх байцаагчтай, уламжлалт аргаас хэд дахин шуурхай, зөрчил илрүүлэлт найдвартай болжээ.