New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

2016 оны Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тайлан

ЭхлэлСАЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА2016 оны Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тайлан
19
1-р сар
2016 оны Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тайлан

Хавсралт 1

 

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН

2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2017 оны 01 дүгээр сарын 12                                                                                            Улаанбаатар хот

 

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-д заасан нийтлэг болон тусгай чиг үүргийн хэрэгжилтийг ханган, дараах ажлыг зохион байгуулж, хийж гүйцэтгэлээ.

  1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, стратегийг тодорхойлж, түүний хэрэгжилтийг зохион байгуулсан ажил, үр дүн:

Стратеги төлөвлөгөөг боловсруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон тус байгууллагын дээд газрын тогтоол шийдвэр хариуцсан албан хаагчдаас туршлага судласны үндсэн дээр боловсруулж, салбар зөвлөлийн 2017-2020 оны стратеги төлөвлөгөөний төслийг батлахад бэлэн болоод байна.

  1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн:

Салбар зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, мөн өдрийн 7 дугаар тогтоолоор батлуулсан. Төлөвлөгөөнд тусгасан ажлын явцыг гишүүдэд танилцуулан, хэрэгжилтийг хагас жилээр гарган 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар албан бичгээр хүргүүлсэн. /Үзүүлэлт №01/

  1. Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, шийдвэрийн хэрэгжилт тооцсон байдал, хуралдааны тэмдэглэлийн албажуулсан байдал:

Салбар зөвлөл нь 2016 онд 6 удаа хуралдаж, хамтын шийдвэрээр төлөвлөгөө батлах 1, удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс батлах 5, удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх 4, маргаан шийдвэрлэх комисс батлах 1, шагналд тодорхойлох 2, зэрэг дэв олгох тухай 1, ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцсэн тухай 5, сонгон шалгаруулах комисс байгуулах тухай 1, маргаан шийдвэрлэсэн тухай 3 тогтоол тус тус гаргаж, хэрэгжилтийг тухай бүр хангаж ажилласан.

  1. Орон нутаг, салбарын хэмжээнд хууль, журам, заавар, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх болон бүрэн эрхэд хамаарах асуудлаар арга зүйн зөвлөмж өгсөн байдал, үр дүн:

“Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авсан арга хэмжээ, ахиц дэвшил, үр дүн” сэдэвт Салбар зөвлөлийн даргын сонсголын чиглэл, агуулгын хүрээнд Орон нутаг дахь газрын үйл ажиллагаанд шалгалт явуулж,  хууль, журам, заавар, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх зааврыг Салбар зөвлөлийн 2016 оны 15 дугаар албан бичгээр орон нутаг дахь газарт хүргүүлсэн.

Мөн байгууллагын ажлын байрны тодорхойлолт шинэчлэн боловсруулахтай холбогдуулан Ерөнхий газрын албан хаагчдад “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг, Ажлын хэсгийн гишүүдэд “Ажлын байрны тодорхойлолт боловсруулахад хийвэл зохих үе шатны ажлууд, хийх ажлын агуулга” сэдэвт сургалтыг Удирдахуйн ухааны магистр Х.Шаандарыг урьж 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус зохион байгуулсан.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг танилцуулж, удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар нэгжийн дарга нарт 2016 оны 07/2172 дугаар албан бичгээр чиглэл хүргүүлсэн.

  1. Орон нутаг, салбарын хэмжээнд хууль, журам, заавар, төрийн албаны стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байдал, үр дүн:

ИХШХЕГ-ын даргын 2016 оны А/176, ГИХГ-ын даргын 2016 оны А/07 дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах бүрэлдэхүүн батлагдаж ажлын байрны шинжилгээний асуулгыг төв, орон нутгийн 245 албан хаагчаас авч нэгтгэн, тус байгууллагын Дотоод хяналт, дүн шинжилгээ, аудитын газрын даргын албан тушаалд “Төрийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох  аргачлал”-ын дагуу тооцон, хариуг ажлын хэсгийн ахлагч болон даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хуралд 04 дүгээр сарын 25, 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус танилцуулсан. Энэхүү ажлын хүрээнд ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн “Загвар, зааврыг батлах тухай”  2004 оны 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол болон бусад журмын дагуу төв, орон нутгийн газрын 87 албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг хянан, байгууллагын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлуулсан.

  1. Төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажил, үр дүн, төрийн албан хаагчийг давтан сургах хэрэгцээг судлан хэрэгжүүлсэн ажил, үр дүн:

Байгууллагын “2013-2016 онд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Байгууллагын албан хаагчдыг 2016 онд сургах сургалтын төлөвлөгөөг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгууллагын даргаар батлуулж, уг төлөвлөгөөний дагуу сургалтыг тухай бүр зохион байгуулан ажилласан байна. Тухайлбал, орон нутаг дахь газрын албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах үүднээс бүсчилсэн сургалтыг энэ оны 01, 05 дугаар саруудад Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулсан байна.

Түүнчлэн Орон нутаг дахь газрын дарга, Шалган нэвтрүүлэх хэлтэс, боомт хариуцсан тасгийн дарга нарт 02 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд сургалт зохион байгуулсан. Сургалтыг “Хүн худалдаалахтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа”, “ISM” програмд хийгдсэн өөрчлөлт, тэдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах”, “Төрийн хяналт шалгалт” зэрэг сэдвийн хүрээнд явуулж, орон нутаг дахь газраас 49, төвөөс 11, нийт 60 албан хаагч хамрагдаж, мөн шинээр томилогдсон 45 албан хаагчдад сургалт зохион байгуулж, байгууллагын чиг үүрэг, хөдөлмөрийн харилцаа болон бусад сэдвээр 2016 оны 11, 12 дугаар саруудад 80 цагийн сургалтыг зохион байгуулсан.

2016 оны 10 дугаар сард албан хаагчдыг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хэрэгцээг судлан 18 нэгжийн 279 албан хаагчаас санал авч 2017-2020 онд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/206 дугаар тушаалаар батлуулсан. Мөн 2013-2016 онд хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөний явц, үр дүн, хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаатай танилцсан болно. /Үзүүлэлт №2/

  1. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах талаар зохион байгуулсан ажил, үр дүн:

“Хөтөлбөр батлах тухай” Байгууллагын даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/246 дугаар тушаалаар 2013-2016 онд байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг баталж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хийх ажлын төлөвлөгөөг жил бүр гаргаж, хэрэгжилтийг тооцон холбогдох нэгжээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэж ажилласан байна.

Байгууллагын нийгмийн баталгааг хангах 2016 оны төлөвлөгөөний явц, үр дүнтэй танилцлаа.

Энэ ажлын хүрээнд 2016 онд хийгдсэн томоохон ажлуудаас дурьдвал Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа дэнж буюу төв байрны дэргэд  120 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан ба албан хаагчдыг “Гэгээн ар үр” эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаас гадна, тус байгууллагын Баруун бүс дэх газрын Увс аймаг дахь албанд “УАЗ Хантер” маркийн автомашин, Дорноговь аймаг дахь газарт “Nissan patrol” маркийн автомашиныг орон нутгийн дэмжлэгээр худалдан авч, байгууллагын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мөн байгууллагын төв байранд аж ахуйн тооцоотой орон тооны албан хаагчдын цайны газрыг байгуулж, хөнгөлттэй үнээр үйлчилж, эмэгтэйчүүдийн 14 гишүүнтэй зөвлөлийг байгууллагын төв байгуулсан байна.

Дээрх хөтөлбөрийн хэрэгжилт 2016 онд дууссантай холбогдуулан ирэх 4 жилд Ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор тус байгууллагын 18 нэгжийн 321 албан хаагчаас санал авч, ирүүлсэн саналыг тусган,  нэгтгэж байгууллагын даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн А/214 дүгээр тушаалаар батлуулсан. /Үзүүлэлт №3/

  1. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа, ил тод, нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн:

2016 оны эхний хагас жилд Салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар тогтоол, 03 дугаар сарын 03-ны 6 дугаар тогтоол, 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоол, 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоол, 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор тус тус сонгон шалгаруулалтыг зарлаж, Баруун бүс дэх газрын дарга З.Батсүлдийг Дорноговь аймаг дахь газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн даргаар, Дорноговь аймаг дахь газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга Ц.Амаржаргалыг Баруун бүс дэх газрын даргаар, Шалган нэвтрүүлэх газрын мэргэжилтэн Л.Эрхтамирыг Баруун бүс дэх газрын Бургастай боомтын тасгийн даргаар, Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Б.Батгэрэлийг Баруун бүс дэх газрын Боршоо боомтын тасгийн даргаар тус тус нэр дэвшүүлж, холбогдох шийдвэрийг хүргүүлсэн.

Мөн байгууллагын бүтэц шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Тамгын газрын дарга, Виз, зөвшөөрлийн газрын дарга, Хяналт шалгалтын газрын дарга, Харьяатын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх саналаа Төрийн албаны зөвлөлд 2016 оны 07/2947, 07/3635 дугаар албан бичгээр хүргүүлж, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2016 оны 253 дугаар тогтоолыг үндэслэн байгууллагын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар Тамгын газрын даргыг томилсон. “Төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын тухай” Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 1127 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэлийг 2016 оны 07/2172 дугаар албан бичгээр хүргүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн удирдлагын шуурхайд танилцуулан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын нээлттэй байдлыг хангах ажлыг бүрдүүлэн ажиллалаа.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн aжиллах журам”-ын 2.4.1-д заасны дагуу бүтцийн нэгжийн хэлтэс, албадын дарга нарын сонгон шалгаруулалт явуулах комиссын бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн төлөөлөл бүхий хамтарсан комиссыг оролцуулахаар саналаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр төлөвлөж байна.

  1. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа ил тод, нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн:

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу сул орон тоог нөхөх үйл ажиллагааг тухай бүр зохион байгуулж, 28 иргэний материалыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 26 иргэнийг томилсон.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт зааснаар Зүүн бүс дэх газрын Ульхан боомт, Баруун бүс дэх газрын Арцсуурь боомтын шалгагчийн сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу зохион байгуулахаар Салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаарын албан бичгээр хүргүүлсэн.

Мөн Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтний сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулах тухай албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж уг шалгалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан иргэн Д.Болорцэцэгийн ажилд орох хүсэлт болон холбогдох материалын авч, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас лавлагаа авахаар хүргүүлсэн.

  1. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал, үр дүн:

Байгууллагын даргын 2014 оны А/39 дүгээр тушаалаар “Хүний нөөцийн дүрэм”-ийг баталж, байгууллагын удирдах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлага, шалгуурыг хангасан албан хаагчийн судалгааг гарган, бүртгэлжүүлж ажилласан.

2016 оны байдлаар 5 албан хаагчийг удирдах ажилтны нөөцийн санд бүртгүүлсэн.

  1. Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал, үр дүн:

Тайлант хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар 3, суралцах шалтгаанаар 22, албан тушаалын орон тоо хасагдсан 5, хүнд өвчтэй гэр бүлийн гишүүнээ асрах шалтгаанаар 1 албан хаагчийг чөлөөлсөн.

Мөн 2016 онд чөлөөлөгдсөн 31 албан хаагчийг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2 дугаар хавсралтад заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэлд авч, Төрийн албаны зөвлөлд Салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр албан бичгээр бүртгэлийг хүргүүлсэн.

  1. Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг мэргэшлийн удирдлагаар хангаж, үр дүнг тооцсон байдал:

Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг баримтлах, үр дүнгийн гэрээг байгуулах, дүгнэхдээ анхаарах асуудлын талаар байгууллагын дотоод сүлжээгээр албан хаагчдад 2 удаа, орон нутаг дахь газрын дарга нарт 5 удаа мэдээлэл бэлтгэн хүргүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангасан.

Мөн байгууллагын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/255 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээний биелэлтийн явц, байдалд хагас жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнгийн гэрээний биелэлтийн явцын загварыг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу гарган 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дотоод сүлжээгээр албан хаагчдад танилцуулсан.

2016 онд төсвийн ерөнхийлөн захирагчтай удирдах албан тушаалын 19, төсвийн шууд захирагчтай 25, менежертэй 382 албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу гишүүн Дүн шинжилгээ, дотоод аудит хариуцсан нэгжийн дарга түүвэрчилсэн аргаар 2 удаа хүлээн авч, гүйцэтгэлийг тооцон ажиллаж байна. Байгууллагын хэмжээнд албан хаагчдын үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийг дундажлан үзэхэд 87.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

  1. Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлаар зөвлөгөө өгч, ажилласан байдал:

Салбар зөвлөлд Сэлэнгэ аймаг дахь газар, Баруун бүс дэх газрын Ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргасан 5 албан хаагчийн талаар дүгнэлт ирүүлснийг хэлэлцэж, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Ц.Насанжаргалд сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Сэлэнгэ аймаг дахь газрын Ёс зүйн хорооноос ирүүлсэн 2016 оны II дүгнэлт болон Баруун бүс дэх газрын Булган боомтын шалгагч У.Булганцэцэг, Д.Бадамханд нарт “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Баруун бүс дэх газрын Ёс зүйн хорооноос ирүүлсэн 2016 оны I дүгнэлтийг тус тус “үндэслэлтэй” гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулах саналаа байгууллагын даргад танилцуулсан.

Мөн Ёс зүйн хороодод ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх,  сургалт, сурталчилгааны ажлыг төлөвлөх, гомдол, мэдээллийг хүлээн авч, дүгнэлт гаргах, ёс зүйн зөрчлийн мэдээг үнэн зөв гаргах талаарх зөвлөмжийг Салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар албан бичгээр хүргүүлж, холбогдох заавар, чиглэл өгч ажиллаж байна. Байгууллагын бүтэц шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “Байгууллагын дэргэдэх ёс зүйн хорооны ажиллах журам”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/15 дугаар тушаалаар шинэчлэн батлуулж, төв болон орон нутаг дахь газрын ёс зүйн хорооны гишүүд болон даргыг томилохдоо албан хаагчдаас санал авахаар төлөвлөж байна.

Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Д.Баатарсайхан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүй ба ашиг сонирхлын зөрчлийн харилцан хамаарал” сэдэвт сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан.

  1. Өргөдөл, гомдол, маргаан, ёс зүйн зөрчлийн шийдвэрлэлт, үр дүн, түүний мэдээг хагас, бүтэн жилээр ирүүлсэн байдал:

Салбар зөвлөлд 2016 онд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэн томилогдсонтой холбогдож гаргасан 1 маргаан, урамшуулалтай холбоотой 1, тэтгэлэгтэй холбоотой 1 маргааныг хүлээн авч, Маргаан шийдвэрлэх комиссыг Салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар тогтоолоор байгуулж, ажилласан.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсонтой холбогдож гаргасан асуудлаар Салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар хуралдаан, мөн оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар хэлэлцэн, холбогдох шийдвэр гарсан.

Мөн урамшуулал олгохыг хүссэн 1 өргөдлийг хүлээн авч Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баримтлан урамшууллыг олгож байх талаар Хүний нөөцийн хэлтэс, орон нутаг дахь газруудад зөвлөмж хүргүүлэн ажилласан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хэрэгжихтэй холбогдуулан албан тушаалын орон тоо нь хасагдаж, ажлын байраар хангах боломжгүй болсон Өмнөд бүс дэх газрын Говьсүмбэр аймаг дахь ахлах мэргэжилтэн Б.Батболдод 1 удаагийн тэтгэлгийг олгуулах асуудлаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэж ажилласан.

2015 оны 12 дугаар сард ирүүлсэн 3 албан хаагчийн өргөдлийг хуульд заасан хугацаанд судлан 2016 онд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан.

Зүүн бүс дэх газрын дарга А.Гантулгыг төрийн албанаас халсантай холбогдож гарсан маргааныг хэлэлцэж, ажлаас халахаар шийдвэрлэсэн тушаалыг Салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, Өмнөд бүс дэх газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга Б.Гомбосүрэн, Зүүн бүс дэх газрын Ульхан боомтын тасгийн дарга О.Цэнд-Аюуш нарын сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдож гарсан маргааныг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02, 03 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй, хэвээр орхив.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсонтой холбогдож гаргасан 1 маргааныг хүлээн авч, Маргаан шийдвэрлэх комиссыг Салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар тогтоолоор байгуулж, ажилласан. Энэхүү асуудлаар Салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар хуралдаан, мөн оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар хэлэлцэн, холбогдох шийдвэр гаргасан.

  1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны нээлттэй байдал, үйл ажиллагааг сурталчилсан байдал, үр дүн:

Байгууллагын цахим хаяг болох www.immigration.gov.mn-д Салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Салбар зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, салбар зөвлөлийн үйл ажиллагааны хагас жилийн тайланг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сургалтын талаарх мэдээллийг тухай бүр байршуулсан.

Мөн байгууллагын дотоод сүлжээгээр Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмж, мэдээллийг танилцуулж, Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга, “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулах, журам, ёс зүй, сахилга хариуцлага, Ёс зүйн хороо, төрийн үйлчилгээний түгээмэл мэргэжлийн албан хаагчдад мэргэшлийн зэрэг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг хэрхэн олгох, удирдах ажилтны сонгон шалгаруулалт, салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарыг томилсон зэрэг холбогдох шийдвэрийг тухай бүр  мэдээлж, нийт 25 удаа хүргүүлж ажилласан.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 8.1.4-т заасныг үндэслэн байгууллагын хүний нөөцийн ил тод байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг байгууллагын цахим хаягт байршуулав.

  1. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, мэдээ ирүүлсэн байдал:

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан мэдээг 2016 оны байдлаар гарган Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07/3700 дугаар албан бичгээр, “Төрийн албан хаагчийн тоо бүртгэлийн судалгааг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр тус тус хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.

  1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар хэрэгжүүлсэн шинэлэг ажил, үр дүн:

Төрийн албаны зөвлөлөөс салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар гарган ажиллалаа.

Салбар зөвлөлийн дотоод зохион байгуулалт, чадавхийг бэхжүүлэх талаар анхаарч салбар зөвлөлийн гишүүдэд хариуцсан ажлын чиглэлээр ногдох ажил үйлчилгээг үнэлж дүгнэн, үүрэг чиглэл өгөх, гишүүдийн ажлын үр дүнг үндэслэн урамшуулах, салбар зөвлөлийн архив, бичиг хэрэг, нууцын асуудлыг эрхлэх асуудалд анхаарч ажиллахын зэрэгцээ 2016 онд байгууллагыг мэргэшсэн чадварлаг албан хаагчдаар бүрдүүлэх зорилтын хүрээнд шинээр томилогдсон 45 албан хаагчдад байгууллагын даргын 2016 оны А/161, А/206, А/213 дугаар тушаалаар салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, салбар зөвлөлийн эрх, үүрэг, зэрэг дэв, түүний нэмэгдэл, төрийн албан хаачийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн харилцааны талаарх сургалтыг зохион байгуулан ажиллалаа. /Үзүүлэлт № 2, 4/

  1. Салбар зөвлөлийн хагас, бүтэн жилийн тайланг ирүүлсэн байдал:

Салбар зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг Салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар албан бичгээр, Салбар зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн.

  1. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлт:

Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаарын албан бичгээр Салбар зөвлөлүүдийн 2015 оны үйл ажиллагааг дүгнэж, ажил эрчимжүүлэх талаар зөвлөмж ирүүлсний дагуу Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Салбар зөвлөлийн даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллав. Мөн Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн боловсон хүчний бодлогын удирдамжаар хангах, төсвийн захиргааны болон хүний нөөцийн менежментийн асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, тэдгээрийн удирдах ажилтныг мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах” талаар 2016 оны 822 дугаар албан бичгээр ирүүлсэн  лавлагаа, зөвлөмжид дурдсан асуудлыг удирдлага болгон бүтцийн өөрчлөлтийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийлээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 441 дугаарын албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, мөн оны 07 дугаар сарын 22-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр тангараг өргөх ёслолын ажлыг зохион байгуулж, Төв, Орон нутаг дахь газруудад ёслолыг журмын дагуу зохион байгуулах талаар үүрэг өгсөн.

2016 онд Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн үндсэн болон захиалгат судалгааг дурдсан хугацаанд гарган Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн ажилласан.

 

 

 

 

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 

 

 


    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар