New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ЗОРИЛГО ЗОРИЛТ

ЭхлэлЗОРИЛГО ЗОРИЛТ

Байгууллагын үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Байгууллагын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд явуулахад оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Байгууллага нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар удирдлагын манлайллыг хангах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх;

2.2.2.хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар оновчтой, цомхон, чадварлаг бүтцийг бий болгох, хөгжүүлэх;

2.2.3.олон улсын болон гадаад орны ижил төстэй байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийн талаарх олон улсын болон хоёр талт гэрээний хэрэгжилтийг хангах;

2.2.4.нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Байгууллагын эрхэм зорилго нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашгийг дээдэлж, олон улсын жишигт нийцсэн нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг явуулахад оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Байгууллага нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг дэвшүүлж ажиллана:

2.4.1.төрийн ажил үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чанартай, шуурхай, хүртээмжтэй, нээлттэй хүргэх тогтолцоог бүрдүүлэх;

2.4.2.иргэний харьяалал, цагаачлалын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах;

2.4.3.Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэдэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;

2.4.4.удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлох, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг шат дараатайгаар дээшлүүлэх,гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.4.5.төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төсөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах;

2.4.6.үйл ажиллагаандаа мэдээлэл, технологийн дэвшилтэт техникийг нэвтрүүлэх;

2.4.7. хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж, үр дүнд үнэлгээ өгөх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг тогтмол зохион байгуулж албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1.Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох;

2.5.1.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

2.5.1.3.албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулах;

2.5.1.4.Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, түүнийг хөтлөх.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох асуудлаар гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлүүлэх, нэгдсэн сан бүрдүүлэх;

2.5.2.2.Монгол Улсад цагаачлуулж болох гадаадын иргэний тоог харьяалах улс болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух байршлын талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх, тус улсад цагаачлах хүсэлтийг хянан шийдвэрлэх;

2.5.2.3.олон улсын болон төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

2.5.2.4.Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх хүсэлтийг хянан шийдвэрлэх, хяналт тавих;

2.5.2.5.олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх;

2.5.2.6.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх.

2.5.3.Үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1.Монгол Улс дахь гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх;

2.5.3.2.хууль тогтоомжид заасан үндэслэлийн дагуу гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах;

2.5.3.3.захиргааны шийтгэл ногдуулсан гадаадын иргэн, хуулийн этгээд, Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын иргэний талаар мэдээллийн нэгдсэн сан хөтлөх;

2.5.3.4.хилийн боомт, орон нутаг дахь бүсийн нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, мэдээллийн сүлжээний аюлгүй байдалд хяналт тавих, шуурхай удирдлагаах хангаж ажиллах.

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн  дөрөвдүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1.төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, Байгууллагын үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;

2.5.4.2.байгууллагын нууцыг эрхлэн хариуцах;

2.5.4.3.байгууллагын бичиг хэрэг, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

2.5.4.4.орон тооны нөхөн хангалтын нөөцийг бүрдүүлэх тогтолцоог сайжруулах;

2.5.4.5.албан хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;

2.5.4.6.олон улсын байгууллага болон гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хамаарах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах.

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1.төсвийн шууд захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах;

2.5.5.2. санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах;

2.5.5.3.ажил, үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;

2.5.5.4.хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хангалт, үйлчилгээг шуурхай зохион байгуулах.

2.5.6. Үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1.үйл ажиллагаанд мэдээлэл, технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх;

2.5.6.2.иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;

2.5.6.3.мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох, хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангах.

2.5.7. Үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд:

2.5.71.үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, тайлагнах, хяналт-шинжилгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах;

2.5.7.2. байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, байгууллагын үйл ажиллагааны статистик мэдээллийг хөтлөх;

2.5.7.3.төр, байгууллага, хувь хүний нууцын хамгаалалтад хяналт тавих, тэдгээрийг хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх;

2.5.7.4.албан хаагчид холбогдох гомдол мэдээлэл, сахилгын болон ёс зүйн зөрчлийг шалгаж шийдвэрлүүлэх;

2.5.7.5.хяналт-шинжилгээ,  дотоод аудит хийж, үр дүнд үнэлгээ өгөх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг тогтмол зохион байгуулж, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Байгууллагын үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Байгууллагын үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

Гурав. Байгууллагын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Байгууллагын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

3.1.1. байгууллагын стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх (тухайн нэгжийн үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх (байгууллагын даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв, зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төржихгүй байх (тухайн газрын албан хаагч нь байгууллагын дарга, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр түвшинд мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);

3.1.7.хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны шаардлагад нийцсэн байх (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон байгууллагын үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус байгууллагын үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Байгууллагын үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд нь дараах үндсэн чиг үүрэгтэй:

3.3.1. виз, зөвшөөрлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох, Монгол Улсад цагаачлуулж болох гадаадын иргэний тоог харьяалах улс болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух байршлын талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх, тус улсад цагаачлах хүсэлтийг хянан шийдвэрлэх, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулах, Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.2. харьяатын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох асуудлаар гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлүүлэх, олон улсын болон гадаад улсын  төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх хүсэлтийг хянан шийдвэрлүүлэх, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, сунгасан, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.3. хяналт шалгалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх, хууль тогтоомжид заасан үндэслэлийн дагуу гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах санал боловсруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны шийтгэл ногдуулсан гадаадын иргэн, хуулийн этгээд, Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын иргэний талаар мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, хилийн боомт, орон нутаг дахь нэгжийг хяналт шалгалтын мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.4. захиргаа, удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны манлайллыг хангах, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, үйл ажиллагааны хэтийн болон богино хугацааны төлөвлөлтийг хийх, хэрэгжилтийг хангах арга хэмжээг зохион байгуулах, байгууллагын нууц, архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, олон нийттэй харилцах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагааны стратегийн дөрөв,  долдугаар зорилтын хүрээнд хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, орон тооны нөхөн хангалтын нөөцийг бүрдүүлэх тогтолцоог сайжруулах, албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах, чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.5. санхүүгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.6.мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны зургадугаар зорилтын хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ололтыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, байгууллагын мэдээллийн сүлжээний хэвийн, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.7. хангалт, үйлчилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны тавдугаар зорилтын хүрээнд ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хангалт, үйлчилгээг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.8. дүн шинжилгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны долдугаар зорилтын хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон даргын шийдвэрт нийцэж байгаа эсэхэд байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх,  байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хяналт-шинжилгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд үнэлгээ хийж, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх, ерөнхий газар, боомт, орон нутгийн хэлтсүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, байгууллага, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааны статистик мэдээллийг хөтлөх, боомт, орон нутаг дахь газрыг мэргэжлийн удирдлагаар хангахчиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.9. эрх зүй, гадаад харилцааны асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд олон улсын байгууллага болон гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаа, гадаад харилцааг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хамаарах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, зохион байгуулна.

3.3.10. Боомт, орон нутаг хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг чиглэл өгч ажиллах, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавьж шуурхай удирдлагаар хангах, тухайн нэгжүүдийн тайлан, төлөвлөгөөг нэгтгэж холбогдох тайлан, төлөвлөгөө хариуцсан нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар