монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН БАРУУН БҮС ДЭХ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

2001 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба байгуулагдаж, улмаар 2006 онд Ховд аймаг дахь салбар, 2008 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Ховд аймаг дахь алба болон өргөжин Ховд, Булган, Байтаг боомтуудыг хариуцан үйл ажиллагаагаа явуулсан.

Хилийн боомтын тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Баруун бүс дэх газар байгуулагдаж, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгууд, тус аймгууд дахь шалган нэвтрүүлэх 10 боомтыг хариуцан Монгол Улсын виз олгох, гадаадын иргэдийн бүртгэл, хасалт хийх, Монгол Улсад зорчих хувийн урилга олгох, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, гадаадын иргэдэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан.

Монгол Улсын хилийн тухай хуулийг шинэчлэн баталж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлснээр Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газар нь Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Баянхонгор аймгуудыг хариуцан хилийн 10 боомтод төлөөлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/227 дугаар “Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай”, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/347 дугаар “Гадаадын иргэн, харьяатын газрын орон нутаг дахь нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг батлах тухай” тушаалыг тус тус баталж тус газрын харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байсан Баян-Өлгий аймаг дахь хэлтэс бие даасан статустай болж, Говь-Алтай аймаг дахь хэлтэс татан буугдаж, Баянхонгор аймаг дахь төлөөлөл Өмнөд бүс дэх газарт харьяалагдахаар шийдвэрлэгдсэн байна.


Үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа

Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн та дараахь үйлчилгээг авах боломжтой.

Баруун бүс дэх газар нь Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 145, 146, 147 дугаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон төв байгууллагын даргын тушаалуудаар батлагдсан журам, заавар, бусад холбогдох зохицуулалтыг үндсэн удирдлага болгон тодорхой асуудлаар тушаал гарган биелэлтийг хангуулж, Монгол Улсын виз олгох, гадаадын иргэдийн бүртгэл, хасалт хийх, Монгол Улсад зорчих хувийн урилга олгох, гадаадын иргэдэд хяналт тавих, байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа мэдээллийн сан, сүлжээг албаны зорилгоор ашиглах, үйл ажиллагааныхаа талаар иж бүрэн бүртгэл судалгаа хөтлөн харьяалах хэлтэс, төлөөллийг мэргэжлийн удирдлагаар, төв байгууллагыг бодит мэдээллээр тасралтгүй ханган ажиллаж байна.