монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН БУЯНТ-УХАА ДАХЬ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Түүхэн товчоон

2001 онд Буянт-Ухаа боомтын дэргэдэх төлөөлөл

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар Буянт-Ухаа олон улсын агаарын замын боомтын дэргэдэх виз, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог баталсан.

2009 онд Буянт-Ухаа дахь алба  

“Төрийн захиргааны удирдлага, тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон өргөжиж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 27 дугаар тушаалаар Буянт-Ухаа боомт дахь төлөөлөл нь Буянт-Ухаа дахь алба болсон.

2014 онд ИХШХЕГ-ын Буянт-Ухаа дахь газар

Хилийн боомтын тухай хууль 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдан тус газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр тушаалын дагуу Буянт-Ухаа дахь алба нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газар болон өргөжив

2016 онд ГИХГ-ын Буянт-Ухаа дахь газар  

Монгол Улсын Хилийн тухай хуулийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар шинэчлэн баталснаар Гадаадын иргэн, харьяатын газрын Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/24 дугаар, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар тус байгууллагын үйл ажиллагааны бүтэц, орон тоог шинэчлэн баталж ГИХГ-ын Буянт-Ухаа дахь газар болон шинэчлэгдэж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн, хяналт тавин ажиллаж байна.


Хоёр. Бүтэц, орон тоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/24, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар батлагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын Орон нутаг дахь нэгжийн зохион байгуулалт бүтэц, орон тоогоор нийт 29 албан хаагчийн орон тоотой ажиллахаас одоогийн байдлаар нийт 28 албан хаагчтай албаны үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Гурав. Үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа

Тус газар нь эдүгээ Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгох, иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих чиг үүргийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Төв аймагт оршин сууж буй гададын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллаганд хяналт тавьж зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.

ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтыг дэвшүүлэв. Энэхүү зорилтын хүрээнд визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн та дараахь үйлчилгээг авах боломжтой.

Виз, бүртгэлийн чиглэлээр

  • Гадаадын иргэнд Монгол Улсад зорчих хувийн урилга олгох
  • Гадаадын иргэнд Монгол Улсад нэвтрэх виз олгох, сунгах
  • Түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар болон хасалт хийсэн тухай тодорхойлолт гаргах

Иргэний харьяаллын чиглэлээр

  • Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох хүсэлт, баримт бичгийг хүлээн авч төв газарт шилжүүлэх
  • Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлаар зөвлөлгөө, мэдээлэл өгөх
  • Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, хугацааг сунгах, татан буулгах талаар мэдээлэл өгөх

Хяналт, шалгалтын чиглэлээр

  • Харьяа нутаг дэвсгэр дэх гадаадын иргэдэд хяналт тавих
  • Гадаадын иргэндийн гаргасан зөрчлийг шийдвэрлэх, Монгол Улсаас албадан гаргах дүгнэлтийг төв газар хүргүүлж, шийдвэрлүүлэх

“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачлалын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь нутаг дэвсгэрт хяналт тавин ажиллаж байна.

Хяналт тавин ажиллаж буй нутаг дэвсгэр

  • Буянт-Ухаа боомт
  • Төв аймаг

Тус газар нь Буянт-Ухаа олон улсын агаарын замын боомт болон Төв аймгийн нутаг дэвсгэрт хяналт тавин ажиллаж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газар нь Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 километрын зайд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Төв аймаг Монгол Улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог бөгөөд 27 сум, 97 багтай. Аймгийн төв нь Зуун мод. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймагтай хиллэнэ.

Боомтын онцлогийн тухай

 Буянт-Ухаа боомтод өнөөдрийн байдлаар Виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн 5, Хяналтын улсын байцаагч 12, Мэргэжилтэн 3, нийт 20 албан хаагч 24 цагаар үйл ажиллагаа явуулж, байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.