монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ХОЙД БҮС ДЭХ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг.Түүхэн товчоон

2001 он Сэлэнгэ аймаг дахь төлөөлөл байгуулагдав.

ГИХГ-ын Хойд бүс дэх газар нь дахь газар нь Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор ХЗДХ-ийн сайдын эрхлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг дахь төлөөлөл нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.

2009 онд Сэлэнгэ аймаг дахь алба 

“Төрийн захиргааны удирдлага, тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон өргөжиж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 27 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь төлөөлөл нь Сэлэнгэ аймаг дахь алба болсон.

2014 онд ИХШХЕГ-ын Сэлэнгэ аймаг дахь газар

Хилийн боомтын тухай хууль 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдан тус газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймаг дахь алба нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газар болон өргөжив.

2016 онд ГИХГ-ын Хойд бүс дэх газар нь:

Монгол Улсын Хилийн тухай хуулийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар шинэчлэн баталснаар Гадаадын иргэн, харьяатын газрын Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/24 дугаар тушаал, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар тус байгууллагын үйл ажиллагааны бүтэц, орон тоог шинэчлэн баталж ГИХГ-ын Хойд бүс дэх газар болон шинэчлэгдэж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн, хяналт тавин ажиллаж байна.


Хоёр. Бүтэц, орон тоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/24, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар батлагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын Орон нутаг дахь нэгжийн зохион байгуулалт бүтэц, орон тоогоор Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газар нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомт, Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс Хөвсгөл аймгийн Ханх авто замын боомтыг хариуцан ажиллаж байна.

Тус газарт  нийт 33 албан хаагчийн орон тоотой ажиллахаас одоогийн байдлаар нийт 28 албан хаагчтайгаа үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Үүнээс хүүхэд асрах чөлөөтэй–1 хаагч байна.


Гурав. Үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа

Тус газар нь эдүгээ Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгох, иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих чиг үүргийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архайнгай, Хөвсгөл аймагт оршин сууж буй гададын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.

ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтыг дэвшүүлэв. Энэхүү зорилтын хүрээнд визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газраас Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн та дараахь үйлчилгээг авах боломжтой.

Виз, зөвшөөрлийн чиглэлээр

– Гадаадын иргэнд Монгол Улсад зорчих хувийн урилга олгох

– Гадаадын иргэнд Монгол Улсад нэвтрэх виз олгох, сунгах

– Монгол Улсад цагаачлах, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд зөвшөөрөл олгох, сунгах материалыг хүлээн авч төв газарт шилжүүлэх

– Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар болон хасалт хийсэн тухай тодорхойлолт гаргах

Иргэний харьяаллын чиглэлээр

– Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох хүсэлт, баримт бичгийг хүлээн авч төв газарт шилжүүлэх

– Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлаар зөвлөлгөө, мэдээлэл өгөх

– Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, хугацааг сунгах, татан буулгах талаар мэдээлэл өгөх

Хяналт, шалгалтын чиглэлээр

– Харьяа нутаг дэвсгэр дэх гадаадын иргэдэд хяналт тавих

– Гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуульд заагдсан арга хэмжээг авах, Монгол Улсаас албадан гаргах дүгнэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт  хүргүүлж, шийдвэрлэх

Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 327 км-т байрладаг. Алтанбулаг авто замын боомт нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 25 км-т, Улаанбаатар хотоос 351 км-т, Сүхбаатар төмөр замын боомт нь Сүхбаатар сумын төвд, Ханх авто замын боомт нь Хөвсгөл аймгаас ..км-т, Улаанбаатар хотоос ...км-т тус тус байрладаг.

“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачлалын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь нутаг дэвсгэрт хяналт тавин ажиллаж байна.

Хяналт тавин ажиллаж буй нутаг дэвсгэр

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Орхон аймаг

Булган аймаг

Архангай аймаг

Хөвсгөл аймгийн нийт 249.920 км2 нутаг дэвсгэрийг хариуцан ажиллаж тус аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй, нэгж байгууллага, гадаадын иргэн харьяалалгүй хүний хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.  

Мөн тус газар нь олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай “Алтанбулаг” авто замын болон “Сүхбаатар” төмөр замын боомтоос гадна хоёр талын байнгын ажиллагаатай “Ханх” авто замын боомтод  хяналт тавин ажиллаж байна.

Боомтуудын онцлогийн тухай

“Монгол, Оросын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу “Алтанбулаг” авто замын боомт нь өдөр бүр 24 цагийн үйл ажиллагаатайгаар, “Сүхбаатар” төмөр замын боомт нь олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажилладаг. “Ханх” авто замын боомт нь ажлын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд тус тус үйл ажиллагаа явуулдаг. 

Алтанбулаг авто зам, Сүхбаатар төмөр замын боомтод өнөөдрийн байдлаар Хянлтын улсын ахлах байцаагч Виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч 1, Хяналтын улсын байцаагч 5, Мэргэжилтэн 10, Ханх авто замын боомтод Хяналтын улсын байцаагч 2 нийт 19 албан хаагч 24 цагаар болон батлагдсан цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж, байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.