монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ШАЛГАЛТЫН АЖЛЫН УДИРДАМЖ ГАРДУУЛЛАА

Admin 2018/03/05 Мэдээ

Авлигатай тэмцэх газраас 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт Авлигатай тэмцэх газрын шалгалтын ажлын удирдамжийг гардууллаа. Уг арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, Тамгын газрын дарга М. Төрбат нар оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Авлигатай тэмцэх газар яам, агентлаг, нийслэл дүүрэг, аймаг сум, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гээд төрийн бүхий л шатны байгууллагуудад Авлигатай тэмцэх газрын 7 ажлын хэсэг өнгөрсөн онд очиж ажиллан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм. Ингэснээр төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг гэх мэт нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тиймээс Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд Засгийн газарт болон бүх яамдын сайд нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахаар 2018 оны 3 дугаар сараас дахин төрийн байгууллагуудад ажиллахаар болсон байна. Энэхүү шалгалтын удирдамжийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулж танилцууллаа.