монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Д.Мөрөн: Турк багш нар бичиг баримтын зөрчлөө арилгавал манай байгууллага үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

Admin 2019/06/03 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн харьяатын газар Турк улсын найман багшийн гадаад паспортыг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон хэмээн багш нарын бие төлөөлөгч У.Батбаатар манай сонинд ярилцлага өгсөн билээ. Энэ талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа.

-Юуны өмнө та энэ найман хүн ямар шугамаар манай улсад орж ирсэн талаар тайлбарлахгүй юу?

-Манай улсад “Эмпати” сургуулийн таван салбар бий. Эдгээр сургууль гаднаас багш нараа авдаг. Орос, Филиппин зэрэг олон орны багш бий. Ялангуяа, турк багш олон байгаа. Ер нь гаднаас багш авахад дараах процедураар явдаг. Юуны өмнө сургууль нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүсэлтээ гаргана. Тус газар хүсэлтийг авч яамандаа уламжилж, яам нь Засгийн газарт оруулж квот өгөх шийдвэр гардаг. Энэ үйл явцын дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тухайн сургуульд зөвшөөрөл өгнө. Өөрөөр хэлбэл, “Эмпати” сургуулийн Засгийн газрын квот гарсан, шаардлагыг ингэж хангасан гээд манайд ханддаг. Манайх гадаадын иргэдийг нь судалж үзээд визний зөвшөөрөл олгодог юм. Монгол Улсаас өмнө нь албадан гаргасан гэх зэргээр хил нэвтрүүлж болохгүй олон шалтгаантай иргэн байгаа шүү дээ. Тэр болгоныг шүүж нягтлаад визний зөвшөөрөл олгодог гэсэн үг. Визний зөвшөөрлийг тухайн улс дахь Элчин сайдын яаманд манай газар хүргүүлдэг юм. Тухайн хүн манай улсад орж ирээд долоо хоногийн дотор бүртгүүлэх ёстой. 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл авах учиртай. Хуулийн процедур ердөө л энэ. Турк найман иргэний хувьд яг энэ ном журмаар орж ирсэн. Оршин суух зөвшөөрлөө сунгуулаад явж байгаа хүмүүс юм. Найман иргэний долоо нь багш, нэг нь монгол хүнтэй гэр бүл болсон эрэгтэй. Багш нарын.оршин суух зөвшөөрөл ирэх долоодугаар сарын 1-ний өдөр дуусна.

-Эдгээр иргэний гадаад паспортыг хүчингүй болгосон гэж өмгөөлөгч ярьсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Бүгд найрамдах Турк улсын Элчин сайдын яамнаас манай Гадаад харилцааны яамаар дамжуулж бичиг ирүүлсэн. Уг бичигт Туркийн долоон багш, монгол иргэнтэй гэр бүл болсон нэг иргэний гадаад паспортуудыг хүчингүй болгосныг мэдэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, Турк улс өөрийн иргэдийн паспортыг хүчингүй болгосон бичиг ирсэн юм. Жишээ нь, би Турк улсад байлаа гэхэд миний паспортыг хүчингүй болгох эрх Туркийн аль ч байгууллагад байхгүй. Яагаад гэвэл тухайн паспорт Монгол Улсын өмч юм. Үүнтэй адил Турк улс өөрсдийн иргэддээ олгосон паспортаа хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. Энэ бол дипломат ёсонд байдаг асуудал. Ямар нэг шалтгаанаар олгосон паспортаа хүчингүй болгосон байгаа юм. Өмгөөлөгч У.Батбаатарын яриад байгаа шиг Хууль зүйн яам, манайх хоёр нийлээд Туркийн найман иргэний гадаад паспортыг хүчингүй болгосон асуудал байхгүй. Ийм эрх ч бидэнд байхгүй. Оршин суух зөвшөөрлийг бол хүчингүй болгож болно.

-Турк улсаас илгээсэн албан бичигт эдгээр хүнийг албадан гаргах тухай дурдсан байсан. Харин танай байгууллагаас хилээр гаргахыг хориглосон байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ хүмүүс манай улсын хууль дүрмийг зөрчөөгүй тул албадан гаргах хууль эрх зүйн үндэс байхгүй. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэлийг заасан. Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг болно. Бид Туркийн Элчин сайдын яаманд Гадаад харилцааны яамаар дамжуулж уламжлаад энэ хүмүүсийг албадан гаргах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй талаар хариу өгсөн. Аливаа нэг улсын Элчин сайдын яамны хэлснээр бид тэр хүмүүсийг гаргаад явуулна гэсэн үг биш. Бүх юм хуулийн дагуу явах ёстой. Нэгэнт бид дээрх найман иргэнд оршин суух зөвшөөрөл өгсөн учир одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлах ёстой. Тиймээс бид эхний ээлжид “Эмпати” компанийн захирал Б.Ганбат гэж хүнийг урьж уулзсан. Уригч байгууллагын хувьд танай сургуульд багшилж байгаа багш нартай холбоотой ийм бичиг ирсэн, энэ хүмүүсийн бичиг баримтыг харьяалах улсын эрх бүхий байгууллага хүчингүй болгосон байна, энэ талаар багш нартаа мэдэгдэхийг зөвлөсөн. Мөн бичиг баримтынхаа зөрчлийг арилгах шаардлагатай учраас Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яамандаа хандаж асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэйг хэлсэн. Үүний дараа дээрх Турк багш нар Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс гэх зэргээр хандаж болох бүх газарт хандсан байна лээ. Энэ нь аргагүй юм. Өмгөөлөгч нь мөн тэдгээр иргэдийн талаар албан бичиг өгсөн. Танай байгууллага энэ хүмүүсийн бичиг баримтыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Үүнийгээ тайлбарла гэсэн. Мөн хилээр гарах асуудлыг түдгэлзүүлсэн шалтгааныг тодруулахыг хүссэн. Бид өмгөөлөгч У.Батбаатарыг урьж асуудлыг хуулийн хүрээнд тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Гадаадын иргэнийг хилээр гарахыг түр түдгэлзүүлэх хуулийн заалт байдаг. Энэ болгоныг өмгөөлөгчид тайлбарлаж өгсөн. Яг энэ үед Туркийн нэг багш хилээр гарах орох виз авах хүсэлт гаргасан. Бид уг визийг олгохоос татгалзсан. Яагаад гэвэл Турк улс иргэндээ олгосон паспортыг хүчингүй болгосон. Тиймээс хүчингүй бичиг баримт дээр манайх виз олгож хилээр гаргаж болохгүй. Аль ч улсад ийм л байдаг. Энэ учрыг хэлсэн. Түүнчлэн, өмгөөлөгчөөс багш нарын асуудлаар Туркийн Элчин сайдын яаманд хандсан уу гэж асуусан. У.Батбаатар бидэнд “хандсан” гэж хариулсан. Гэхдээ хэзээ хандсан, хэн гэдэг хүнтэй уулзсан тухай тодруулахад хариу өгөөгүй.

-Туркийн Элчин сайдын яаманд хандсан байсан уу?

-Өмгөөлөгчтэй уулзсаны дараа бид Туркийн Элчин сайдын яаманд хандаж тодруулсан. Мен үйл явцыг тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Турк улсаас манай Гадаад харилцааны яамаар дамжуулж ийм бичиг илгээсэн. Бид уг албан бичгийг сургуулийн удирдлагад танилцуулсан. Багш нарын өмгөөлөгч нь бидэнтэй ирж уулзсан. Та бүхэнд энэ асуудлаар хандаж, бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулах хүсэлт гаргасан уу гэдгийг лавласан. Туркийн Элчин сайдын яаманд дээрх иргэд нь огт хандаагүй, хэрвээ тэд хандвал бид бичиг баримтын зөрчлийг шийдвэрлэж, хүчин төгөлдөр зорчих бичиг баримт олгох үүрэгтэй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр багш нар, өмгөөлөгч бичиг баримтыг хүчингүй болгосон асуудлаар Туркийн Элчин сайдын яаманд хандаагүй болж таарч байгаа юм. Дараа нь бид “Эмпати” сургууль дээр очиж сургуулийн захирал н.Тамир, өмгөөлөгч У.Батбаатар, багшилж байгаа гурван турк иргэнтэй уулзсан. Мэдээж энэ хүмүүс бухимдаж байна лээ. Бид асуудлыг тайлбарласан. Танай Засгийн газраас та бүхний бичиг баримтыг хүчингүй болгосон байна. Тийм учраас бичиг баримтынхаа зөрчлийг арилгахыг зөвлөсөн. Бичиг баримтын зөрчлөө арилгасан үед манай байгууллага үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна гэдгийг хэлсэн. Тэд асуудлыг ойлгосон. Элчин сайдын яамандаа хандъя гэсэн байдлаар энэ уулзалт өндөрлөсөн.

-Бичиг баримтын зөрчлийг арилгаж шийдвэрлүүлэх байгууллага бол Монгол дахь Туркийн Элчин сайдын яам юм байна. Яагаад тэр хүмүүс яамандаа хандахгүй байна вэ?

-Тэр бүү хэл, Typк улсын гэр бүлийн дундаас нэг хүүхэд Монголд шинээр төрсөн. Одоо хоёр нас хүрч байна. Гадаадад төрсөн хүүхдэд тухайн улс дахь Элчин сайдын яам нь төрсний гэрчилгээ олгодог. Өөрөөр хэлбэл, Монгол дахь Туркийн Элчин сайдын яам энэ гэрчилгээг олгох учиртай. Гэтэл дээрх иргэд Монголд шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлье гэж Элчин сайдын яамандаа огт хандаагүй талаар Элчин сайдын яамнаас нь мэдэгдсэн.

-Турк улсаас ирүүлсэн нот бичигт найман хүнийг албадан гаргах хүсэлт байсан. Энэ хүсэлтийн дагуу гаргаж болохгүй юу?

-Гадаадын иргэнийг хилээр гарахыг түр түдгэлзүүлэх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн 5.5-д заасны дагуу 10 мянгаас дээш нэгжээр торгох шийтгэлтэй бол Прокурор тухайн гадаадын иргэнийг хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх талаар тогтоол гаргаад хэрэгжүүлэх үүргийг манайд мэдэгддэг. Прокурорын тогтоолын дагуу манай Газар тухайн гадаадын иргэнийг хилээр гарахыг түр түдгэлзүүлэх тушаал гаргадаг. Түүнчлэн, хилээр гарахыг түр түдгэлзүүлэх үндэслэл нь тухайн гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгагдаж яллагдагчаар татагдсан тохиолдолд Прокурорын саналыг үндэслээд Шүүхийн захирамжийн дагуу манайх мөн тушаал гаргадаг. Өмгөөлөгч У.Батбаатар манай газраас тухайн турк иргэдийг хилээр гарахыг түр түдгэлзүүлсэн шийдвэр гарсан гэж буруу ярьсан байна лээ. Манай газар хилээр гарах орох виз олгохоос татгалзсан гол үндэслэл нь тэдний паспорт хүчингүй болсонд байгаа юм. Тэдгээр турк иргэд бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулаад, хүчин төгөлдөр бичиг баримттай ирсэн тохиолдолд хилээр нэвтрүүлэхэд манай байгууллага бэлэн байна.

-Эдгээр иргэдийн оршин суух зөвшөөрөл нь дуусахад яах вэ?

-Оршин суух хугацааг сунгах асуудлыг манайх дангаараа шийддэггүй. Хэрэв үргэлжлүүлж багшлах бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичгийг манайх руу илгээнэ. Уг бичгийг үндэслэж манайх сунгах эсэх асуудлыг шийднэ. Гэхдээ энэ хүмүүс долоодугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар нь хүчингүй болгосон паспортаа бариад оршин суух эрхээ сунгуулъя гээд ирвэл хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй. Харин тэд хүчин төгөлдер паспорт, түүнийг орлох бичиг баримтаар хандвал бид хүсэлтийг хүлээн авч үзэх боломжтой. Дээрх найман иргэн долоодугаар сарын 1-нээс өмнө хүсэлт тавьж хугацаагаа сунгуулах ёстой. Эсвэл Монгол Улсаас энэ хугацаанд багтаж гарах хэрэгтэй, Гэвч хүчин төгөлдөр паспортгүй учир хилээр гаргах боломжгүй. Тэгэхээр яах вэ гэсэн асуулт тавигдана. Хэрэв оршин суух зөвшөөрлөө сунгуулж чадалгүй хугацаа хэтэрвэл Монголд хууль бусаар оршин суусан зөрчилд холбогдож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авагдахад хүрнэ. Оршин суух зөвшөөрлийг хэтрүүлэх юм бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хоног тутам 10 мянган төгрөгөөр торгодог. Ингээд энэ хүмүүс зөвшөөрөлгүй хоёр сар Монгол Улсад оршин суусан тохиолдолд Монгол Улсаас албадан гаргах хуулийн заалт руу орно. Хар тамга дарна гэж ярьдаг шүү дээ. Бид ийм байдал руу оруулмааргүй байгаа учраас л эдгээр турк иргэдэд зөвлөөд, уулзаад бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулахыг хэлж тухайн улсынхаа Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байгаа юм.

-Найман иргэний гэр бүл хилээр нэвтрэх эрхтэй юу?

-Одоо манай улсад удаан хугацаагаар амьдарч байгаа 130 орчим турк иргэн байна. “Эмпати” сургуультай холбоотой багш, тэдний гэр бүл нь нийлээд 30 орчим хүн байна. Үүний найм нь хүүхэд. “Эмпати”-д багшилж байгаа долоон багшийн гэр бүлийн хүн, хүүхдүүдийн бичиг баримтыг хүчингүй болгосон бичиг манайд одоогоор ирээгүй байна. Тэгэхээр эдгээр гэр бүлийн гишүүд нь манай газарт хандан ямар нэгэн үйлчилгээ авах боломжтой.

-Туркийн Засгийн газраас тэдний бичиг баримтыг яагаад хүчингүй болгосон талаар тайлбар авах боломжтой юу?

-Манай газраас Элчин сайдын яаманд хандаж тайлбар авах шаардлага байхгүй. Учир нь бид тухайн улсын дотоод хэрэгт оролцох эрхгүй. Хоёрдугаарт, Туркийн тал өөрсдийн иргэдийн паспортыг хүчингүй болгосон талаараа л манайд мэдэгдсэн. Турк багш нар харин Элчин сайдын яамандаа энэ талаар хандах эрх нь нээлттэй.

-Өмгөөлөгч хоёр орны хооронд байгуулсан эрх зүйн гэрээгээр дамжуулж эдгээр хүнийг хилээр гаргах боломжтой гэж байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд иргэн аж ахуйн нэгж болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай” 2000 онд анх байгуулсан гэрээ бий. Энэ гэрээ иргэний хэрэг болон эрүүгийн хэргийн чиглэлээр хамтарч ажиллах хууль зүйн үндсийг тавьсан. Өөрөөр хэлбэл, Туркийн иргэн Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд манай шүүхээр ял шийтгэгдэж ялаа эдэлж байлаа гэж бодъё. Тэр хүнийг шилжүүлж авах асуудал үүсвэл энэ гэрээний хүрээнд шийдэгддэг. Магадгүй монгол, турк иргэний хооронд иргэний болон эд хөрөнгийн маргаан үүссэн байж болно. Ийм асуудал үүссэн үед л хоёр тал хамтарч ажиллахыг зохицуулсан гэрээ учраас паспорт нь хүчингүй болсон дээрх турк багш нарын асуудал уг гэрээгээр зохицуулагдахгүй.

-Ярилцлагын төгсгөлд цаг үеийн асуудалтай холбогдуулж асуулт асууя. Өнгөрсөн жил хэчнээн хүн Монгол Улсын харьяатаас гарч, хэдэн хүн Монголын харьяат болсон бэ?

-Эцсийн шийдвэрийг Монгол.Улсын Ерөнхийлөгч гаргадаг. Ер нь сүүлийн жилүүдэд Европод амьдарч байгаа монгол иргэд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргах нь нэлээд ажиглагдаж байна. Өнгөрсөн жил 490 иргэн Монгол Улсын харьяатаас гарсан. Үүний 357 нь казах үндэстэн байсан. Мөн гурван иргэн Монгол Улсын харьяат болсон.

                                                                    **Эх сурвалж: Өдрийн сонин**