монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо

Admin 2019/03/29 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Засгийн газрын яам, агентлагууд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас 10 албан хаагч тус хэлэлцүүлэгт оролцов.

36awn92o-702x336.jpg

Хэлэлцүүлгээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, холбогдох талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээрх илтгэлүүдийг хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид санал бодлоо хуваалцсан юм.

Монгол Улсад өнгөрсөн арван таван жилийн хугацаанд жилд дунджаар 3520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амь насаа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан байна. Дээрх тохиолдлын 90 гаруй хувийг гал түймэр, амь насаа алдсан иргэдийн 33 хувийг гал түймэрт өртөж амь насаа алдагдагсад эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр гал түймрийн давтамж, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх болсныг мэргэжлийн байгууллагууд сануулж байв.

ОХУ-ын Гал эсэргүүцэх албанаас 2012-2016 онд хийсэн гал түймрийн судалгаагаар Монгол Улс 1000 хүнд ногдох гал түймрийн тоогоор 57 орноос 40-д, 100 мянган хүн тутамд нас барсан хүний тоогоор 9-д, түлэгдэж бэртсэн хүний тоогоор 42 орноос 34-д жагсаж байна.