монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГЭР БҮЛИЙН ЗӨРЧИЛ ДААМЖИРВАЛ ХҮЧИРХИЙЛЭЛД ХҮРГЭДЭГ

Admin 2018/06/22 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас долоо хоног бүрийн Баасан гарагт нийт албан хаагчдын дунд “ Мэдээллийн цаг” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад ЦЕГ-ын Гэм хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д. Болор “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт” сэдвиййн хүрээд албан хаагчдад мэдээлэл, сургалт хийсэн бөгөөд сургалтаар гэр бүлийн харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл, хуулийн зохицуулалт зэрэг олон талын мэдлэг мэдээлэл өгсөн юм.

Цагдаагийн байгууллагад жилдээ хагас сая орчим дуудлага мэдээлэл ирдэг ба үүний 30 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл байдаг аж. Судалгаагаар гэр бүлийн гишүүдийн үзэл бодол, боловсрол, хүсэл сонирхлын ялгаа, санхүүгийн бэрхшээл, бэлгийн харилцаа зэрэг хүчин зүйлүүд нь гэр бүлийн харилцаанд зөрчил үүсэхэд нөлөөлдөг байна. Уг зөрчил даамжирвал хүчирхийлэлд хүргэдэг гэдгийг тодотголоо.

Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж хуульчилсан 125 улс байдаг бөгөөд үүний нэг нь Монгол Улс юм. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар Гэр бүлийн тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай, Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тус тус үйлчилж байна.

Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон байдаг.