монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

Admin 2019/05/24 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар долоо хоног бүрийн баасан гарагт нийт албан хаагчдынхаа дунд “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, хошууч Б. Мандухай “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд нийт албан хаагчдад сургалт хийлээ.

60917521_406461023536125_4528109511080148992_n.jpg

Сургалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид уг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, энэ чиглэлээр хууль, хүчний байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.

61135832_382723705673369_3128400834912583680_n.jpg

Манай улс өмнө нь тээвэрлэгч, дамжин өнгөрүүлэх орны тоонд ордог байсан бол 2014 оноос хар тамхины хэрэглэгч орны тоонд орох болсон байна. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тоо бүртгэлээр сүүлийн 5 жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 617 бүртгэгдэж, 1337 хүн холбогдон шалгагджээ. Уг хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүдийн 80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны эрхэлсэн тодорхой ажилгүй залуучууд байгаа аж.

60839963_2456210174662353_7801371282125094912_n.jpg

Хар тамхины хэргийг анх үйлдэж байгаа болон олон удаагийн үйлдэлтэй этгээдэд Эрүүгийн хуулийн 20.7.1 “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Тиймээс энэ төрлийн бодисоос хол байж, уруу татагдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.