монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Үрчлэгдсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа

Admin 2019/07/04 Мэдээ, мэдээлэл

АНУ-ын иргэн Чарлес Андерсоны гэр бүлд үрчлэгдсэн A.К.Учрал, А.Ч.Ганхүү нар гэр бүлийнхээ хамтаар эх орондоо хүрэлцэн ирээд байна. Эдгээр хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.

DSC_0758 (Large).JPG

Уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газрын хамт олон Монгол орны соёл уламжлал, заншилыг харуулсан сонирхолтой бичлэг үзүүлж, уртын дуугаар мэндчилгээ дэвшүүлэв. Мөн эцэг эх болон хүүхдүүдтэй халуун дулаан яриа өрнүүлж, тэдний Монголд ирсэн сэтгэгдлээс хуваалцсан юм. DSC_0658 (Large).JPG A.К.Учрал, А.Ч.Ганхүү нар нь АНУ-д төвтэй “Холт интернэшнл” олон улсын байгууллагаар зуучлуулан Америкийн Нэгдсэн Улсын гэр бүлд үрчлэгдсэн бөгөөд арван таван жилийн дараа анх удаа төрөлх эх оронтойгоо танилцахаар ирсэн нь энэ юм. Тэд энэ жил ахлах сургуулиа төгсөж, A.К.Учрал эмчийн мэргэжлээр, А.Ч.Ганхүү инженер болохоор коллежид элссэн байна. DSC_0657 (Large).JPG Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр “Монгол Улсын харьяат хүүхдийг зөвхөн тэдний сайн сайхан байдал, ашиг сонирхлын үүднээс гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлдэг. Энэ ч утгаараа үрчлэгдсэн хүүхдийг тухайн гэр бүлд хэвийн өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцлөөр хангах, уугуул эх орон, ёс заншил, түүх соёл уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай гурван талт гэрээ байгуулж ажилладаг. Уг гэрээний дагуу үрчлэлтийн дараах хүүхдийн хөгжлийн талаарх тайланг жил тутам тухайн улсын эрх бүхий байгууллагаас томилогдсон нийгмийн ажилтнаар хийлгэж, тогтмол хяналт тавьдаг бөгөөд өнөөдрийн энэ уулзалт үрчлэгдсэн хүүхдүүдэд эх орон, өв соёл, үүх түүхийг таниулахад чиглэсэн сайхан арга хэмжээ боллоо. Хүүхдүүд маань дээд боловсрол эзэмших болж, авьяас чадвар, амжилт бүтээл арвин, эрүүл саруул, нүдний гал цог дүүрэн байгааг харах сайхан байна.Энэ өргөөний хаалга дэлгээтэй байгаа шиг эх орон Монгол тань та бүхэнд үргэлж нээлттэй байна шүү. Сонгосон мэргэжилдээ эзэн болж сайн эмч, сайн инженер болоорой” хэмээн хүссэн юм.
DSC_0714 (Large).JPG Чарлес Андерсоны гэр бүл дөрвөн хүүхэд үрчилж авсан бөгөөд үүний хоёр нь Монгол хүүхэд. Тэд “Монгол хүүхдүүд маш ухаантай. Аливаа зүйлийг хурдан сурч, ямар ч зүйлийн тэргүүнд нь байдаг. Хүүхдүүд маань Монгол ахуй соёлоосоо хол байгаа хэдий ч Монгол зан чанар нь үргэлж хадгалагдаж байдаг. Энэ онцлог нь олон зүйл дээр харагддаг” хэмээн бахархан ярьж байсан юм. DSC_0681 (Large).JPG Мөн хүүхдүүдийн Монголд ирсэн сэтгэгдлээс хуваалцахад, А.Ч.Ганхүү “Миний бодож, зүүдэлж байсан зүйл минь хөдөө явж, морь унах байсан. Энэ хүсэл маань биелж байна. Мөн биднийг хамгийн их гайхшуулсан зүйл нь Улаанбаатар хотын хөгжил байсан. Америкийн зарим хотын хөгжлөөс илүү санагдсан. Бид Монгол орны тухай их судалдаг. Аав, ээж маань ч энэ боломжоор хангаж, хариу нэхэхгүйгээр биднийг хайрладаг” гэв. A.К.Учралын хувьд “ Улаанбаатар хот их сайхан хот юм. Орчин үеийн хот ч гэлээ уламжлалаа алдаагүй санагдсан. Бидний уншиж судалсан ном, зохиолууд дээр гардаг Монгол ахуй уламжлал, соёл зан заншил нь хадгалагдан үлдсэн байна лээ. Би цаашид жил бүр Монголд ирэх бодолтой байна. Мөн асрамжийн газарт байгаа хүүхдүүдэд туслахыг хүсч байна” хэмээн ярьсан юм. DSC_0753 (Large).JPG Ийнхүү мэдээ ороогүй балчирхан насандаа үрчлэгдсэн Монгол хүүхдүүд ямар ч хариу нэхэхгүйгээр хайрладаг аав, ээжийнхээ хайранд инээд хөөр, аз жаргал дүүрэн элэг бүтэн амьдарч байна.