монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Захиргааны албан хаагчид чуулж байна

Admin 2018/12/03 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын төвийн болон орон нутгийн захиргааны албан хаагчдын цугларалт өнөөдөр эхэллээ. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газраас байгууллагын дотоод ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, албан хаагчдын баримт бичигтэй ажиллах чадварыг нэмэгдүүлэх, түүнчлэн 2019 онд явагдах архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Захиргааны албан хаагчдын цугларалт”-ыг энэ сарын 03,04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

IMG_6021 (Large).JPG

Цугларалтад төв болон орон нутаг дахь бүсүүдийн захиргааны ахлах мэргэжилтнүүд, сан хөмрөгийн эрхлэгч, архивч-операторч, бичиг хэргийн эрхлэгч нар оролцож байгаа бөгөөд захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ, өнөөгийн байдал, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны заавар хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудал, алдаа дутагдал зэрэг сэдвээр номын дуу сонсож байна. Мөн эдгээр захиргааны албан хаагчид байгууллагын нэгдсэн архивт дадлага хийхийн зэрэгцээ Архивын ерөнхий газрын-Төв архив, Буянт-Ухаа дахь газрын архивын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцохоор болсон байна.

IMG_6009 (Large).JPG

Энэ үеэр “ Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажиллагаанд мөрдөх дүрэм, зааврын эмхэтгэл”-ийг нэгтгэн албан хаагчдад хүргүүллээ. Тус эмхэтгэлд албан хаагчдын үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдөх шаардлагатай “Баримт бичиг нягтлан шалгах комиссын ажиллах дүрэм”, “Гадаадын иргэн, харьяатын газрын архивын дүрэм”, “Гадаадын иргэн, харьяатын газар, хэлтсээс архивт баримт хүлээн авах хуваарь”, “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх заавар” зэрэг эрх зүйн актууд багтжээ.