“E-иммигрэйшн” төслийн тухай

Нэг.Төслийн зорилго

Гадаадын иргэн, харьяатын газарт БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны  байгууллага “КОЙКА”-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “E- иммигрэйшн” төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх боомтын бүртгэлийн үйл ажиллагаанд  орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган, нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулна. Ингэснээр Монгол Улсын хилийн шалган, нэвтрүүлэх боомтын бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх юм.

Нийт 5 сая ам.долларын өртөг бүхий уг төсөл нь 2014 оны 1 дүгээр  сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгч компаниар  БНСУ-ын “KISCA”,  туслан гүйцэтгэгчээр “SYS ONE”  компани ажиллаж  байна.

Төслийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч нэгжүүдийн техник хэрэгcлийг шинэчлэх, бүртгэл-хяналт-мэдээллийн шинэ системийг нэвтрүүлж, нутагшуулах үндсэн хоёр зорилтыг тавьсан.

Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.Үүнд:

Хоёр.Сургалтын талаар

Төслийн хүрээнд 2014 оны 7, 8 дугаар  сард БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын үйл ажиллагаатай танилцах, Монгол  Улсад шинээр нэвтрүүлэх  системийн талаарх сургалтад хилээр зорчиж буй иргэдийг бүртгэдэг “Borex”, Монгол Улсад оршин суугч гадаадын иргэдийг бүртгэдэг “Nicos” програмыг нэгтгэн хийж буй шинэ програм хангамжийн талаар нийт дөрвөн удаагийн сургалтанд 25 хүн хамрагдаад байна.

Түүнчлэн шинэчлэгдсэн програм хангамжийн дотоодын сургалтыг байгууллагын хэмжээнд 9 удаа,  давхардсан тоогоор 451 ажилтан, албан хаагчид нийтдээ 35 хоногийн сургалтыг амжилттай зохион байгуулсан.

Гурав .Тоног төхөөрөмжийн талаар

Монгол Улсын хэмжээнд анх удаа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын  нисэх буудалд автогэйт буюу цахим шалган нэвтрүүлэх гарцыг 2014 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан.

Төслөөр нийт 1.9 сая орчим ам.долларын өртөг бүхий  43 нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хүлээн авч бүсийн газар, боомт, орон нутгийн төлөөлөл, газруудад суурилуулан ашиглаж байна.

Дөрөв.Програм хангамжийн талаар

Хилийн бүртгэл мэдээлэл, хяналт /BOREX/, гадаадын иргэний бүртгэл, хяналтад ашиглаж байсан “NICOS” системийг нэгтгэн шинээр “ISM”  /Immigration system of Mongolia/  системийг бий болгосон.

Энэхүү  шинэ системийн гадаадын иргэний бүртгэл, хил нэвтрэлтийн бүртгэл, хяналтын хэсгийг  агаарын, төмөр замын, авто замын боомт гэж ангилан бүсийн газруудад  тодорхой үе шаттайгаар нэвтрүүлж эхлээд байна.

Төсөлд хамрагдаж буй байнгын ажиллагаатай 26 боомт, аймгийн төвүүд дээр ажиллаж буй 13 алба, төлөөлөл буюу нийт 39 нэгжид шинэ системийн хилийн шалганы програмыг бүрэн хэмжээгээр харин иргэний бүртгэлийн програмын үндсэн хэсгийг ашиглаж эхлээд байна.

Төслийн хүрээнд боловсруулсан шинэ бүртгэл, хяналтын мэдээллийн “ISM” системийг Гадаадын иргэн, харьяатын байгууллагын харьяа орон нутаг дахь бүсийн газар, хилийн бүх боомтод ашиглалтад оруулж ашиглаж эхэлсэн.

Цаашид шинэ системд төрийн холбогдох байгууллагуудтай мэдээлэл харилцан  солилцох зорилт тавин ажиллаж байна. Програм хангамжийг нутагшуулах, сайжруулах зорилгоор 2016 оныг дуустал ашиглалт, үйлчилгээг төслийн гүйцэтгэгч компани хариуцах юм. Төсөл 93 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ашиглалт, үйлчилгээг 2016 оны туршид хийснээр бүрэн хэрэгжиж дуусна.