монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ ГАР БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Admin Мэдээ, мэдээлэл 2018 May 25

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадам 2018 оны 05 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнийг энэ жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулсан бөгөөд ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын нийт 11 багийн 500 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, боулинг, ширээний теннисний төрөлд авьяас, ур чадвар, хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Энэхүү тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг эзэлсэн бол дэд байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг шалгарч, гутгаар байрт Хууль сахиулахын их сургуулийн баг тамирчид шалгарлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, дэд байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг, гутгаар байрт Хууль сахиулахын их сургуулийн баг тус тус шалгарав.

Мөн гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, дэд байрт Хууль сахиулахын их сургуулийн баг, гутгаар байрт Хууль зүй, дотоод хэргийн яамны баг, эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, дэд байрт Хууль сахиулахын их сургуулийн баг, гутгаар байрт Гадаадын иргэн харьяатын газрын баг тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулав.

Тэмцээний ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт Цагдаагийн ерөнхий газрын тамирчин Ж.Мөнхбат, хоёрдугаар байрт Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин С.Батболд, гуравдугаар байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тамирчин Г.Цаст-Оргил, эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин Д.Тунгалагдулам, хоёрдугаар байрт Архивын ерөнхий газрын тамирчин Г.Ганзул, гуравдугаар байрт Гадаадын иргэн, харьяатын газрын тамирчин Б.Ганчимэг нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Мөн тэмцээний төрөл тус бүрээр шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулсан бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын Дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. Болор-Эрдэнэ гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд “шилдэг довтлогч”-оор тодорч, цом, мөнгөн шагналаар шагнуулав.

Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, тамирчид шалгарч шилжин явах цом хүртсэн бол хоёрдугаар байрт Хууль сахиулахын их сургуулийн баг, тамирчид, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газрын баг, тамирчид тус тус шалгарлаа.