Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ залуу үеийн хандлагыг эерэгээр өөрчлөх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор “Авлигын эсрэг 2019” чуулганыг Авлигатай тэмцэх газраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагатай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан хаагчид оролцож, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй цахим үйлчилгээгээ танилцуулав. Тодотговол, Энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй виз зөвшөөрлийн цахим үйлчилгээ, https://evisa.mn/ сайтыг танилцуулж, чуулганд оролцогчдод мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.
“Авлигын эсрэг 2019” чуулганд шударга ирээдүй рүү тэмүүлсэн эрч хүчтэй, асуудлын шийдлийг олох хүсэлтэй залуучууд цуглан, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, дижитал гарц, олон нийтийн хяналт, тэр дундаа залуучуудын оролцооны талаар санал туршлагаа солилцов. Түүнчлэн цаг шаарддаг, олон шат дамжлагатай, дараалал үүсгэн чирэгдүүлдэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээг дэвшилтэт шинэ технологи ашиглан хийх дижитал шилжилт, өөрчлөх боломж болон цахим шийдлийг танилцууллаа.