монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ЭМГЭНЭЛ

Admin 2020/01/13 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, Мэдээ, мэдээлэл

ЭНХ-АМГАЛАНГИЙН АМАРСАЙХАН /1983-2020/

Бидний журмын нөхөр Дамарт овогт Энх-Амгалангийн Амарсайхан нь 2020 оны 01 сарын 12-ны өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрээр 1983 онд Улаанбаатар хотноо төрж, ОХУ-ын Москва хотын дунд сургууль, ТИС-ийн лицей ангийг тус тус дүүргэн, 1999-2003 онд “ШУТИС”-ийн Эрчим хүчний инженерийн сургуульд инженер эдийн засагч мэргэжил, 2016-2018 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харьяа Билиг дээд сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн сэхээтэн нэгэн байлаа.

Э.Амарсайхан нь 2002-2004 онд Шинжлэх Ухааны Академийн харьяа Физик технологийн хүрээлэнд техникийн ажилтан, 2004 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Гадаадын иргэн, харьяатын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч, албаны даргаар тус тус тасралтгүй ажиллаж байлаа.

Тэрээр Гадаадын иргэн, харьяатын газрын үндэс суурийг тавилцаж, байгууллагын холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг боловсронгуй болгох, төв, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад анхаарч сэтгэл, оюунаа зориулсан анхдагчдын нэг төдийгүй байгууллагын хамгийн залуу удирдах албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан гадаадын иргэний виз, бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн шилдэг албан хаагч байлаа.

Э.Амарсайхан нь хилийн боомт, орон нутагт ажиллахдаа сургагч багшаар хавсран ажиллаж ажлын байран дээр шинээр томилогдсон албан хаагчдыг дагалдан сургах, байгууллагаас болон хамтын ажиллагаатай гадаад, дотоодын их дээд сургуулиудад албан хаагчийг сургах, тухайн орон нутгийн хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд шинэ санал санаачлага гарган ажиллаж байсан юм.

Түүний ажилдаа идэвх зүтгэл гаргаж, эрх зүйн салбарт үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж 2007 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын хүндэт “Жуух бичиг”, 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, 2011 онд Гадаадын иргэн, харьяатын газрын “Хүндэт тэмдэг”, 2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны “Жуух бичиг”, 2018 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдаж байв.

Э.Амарсайхан өөрийн бүхий л ухамсарт амьдралаа Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, хууль сахиулах салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө зориулсан хөдөлмөрч нэгэн байсан юм. Түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, элэгсэг дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР