монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ЭМГЭНЭЛ

Admin 2019/08/05 Мэдээ, мэдээлэл

ЖАМБЫН СОНСГОЛОН /1962-2019/

Гадаадын иргэн, харьяатын газрын Тэргүүний ажилтан, Хяналтын улсын байцаагч, зорилго нэгт журмын нөхөр Жамбын Сонсголон 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд хүнд гарз учирлаа.

Жамбын Сонсголон 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1978 онд Нийслэлийн арван жилийн 4 дүгээр дунд сургууль, 1978-1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1986-1992 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Репиний нэрэмжит Уран зургийн академи, 1998-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж Уран зургийн багш, Уран зураач, Эрх зүйч мэргэжлийг тус тус эзэмшжээ.

emgenel_serail

Тэрээр 1982-1986, 1992-1994 онд Монголын үндэсний телевизэд зураач, 1996-1998 онд Улаанбаатар телевизийн ерөнхий зураач, 2001-2002 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд гадаадын иргэдийн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2002 оноос Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд Хяналтын улсын байцаагчаар томилогдон тасралтгүй ажилласан, энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан эрхэм нэгэн байлаа.

Ж.Сонсголон нь гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах ажилд олон жил идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан манай байгууллагын туршлагатай, тэргүүний албан хаагч байсан төдийгүй эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу байгууллагын бэлгэ тэмдэг, бэлгэдэл, албаны туг, Хүндэт тэмдэг, Хүндэт жуух бичиг, дурсгалын тэмдэгийн эх загварыг дахин давтагдашгүйгээр зохион бүтээсэн оюунлаг нэгэн байсан юм.

Гадаадын иргэн, харьяатын газрыг анх байгуулагдсан цагаас нь эхлэн тасралтгүй ажиллахдаа албаны үйл ажиллагаанд хууль хэрэглэх ажиллагааг сайжруулах, шуурхай, чанартай үйлчилгээг иргэдэд хүргэх, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, залуу боловсон хүчнийг сурган хүмүүжүүлэх, төрийн алба, албан хаагчийн нэр хүндийг өндөрт байлгахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Түүний хөдөлмөрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, “Алтангадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын Хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд болон Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Гадаадын иргэн, харьяатын газрын “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж байсан юм.

Ж.Сонсголон Таны эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно, цагаан цайлган дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах, эгч, дүү нар, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР