монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын газар тоон хэлээр мэдээлж байна

Admin 2019/10/17 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой энэ оны эхний 10 сарын тоон мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулж, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд 30 гаруй байгууллагын 50 орчим сэтгүүлч, сурвалжлагчид хүрэлцэн ирж, мэдээ, ярилцлага бэлтгэсэн бөгөөд хэвлэлийн хуралд Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Нармандах, Хяналтын улсын ахлах байцаагч Н.Дуламсүрэн нар оролцсон юм.

72450709_487249285193259_6244884733306601472_n.jpg

Ингээд хэвлэлийн хурлаар танилцуусан тоон мэдээллийг тоймлон хүргэе.

  • 28268 * Монгол Улсад өнөөдрийн байдлаар түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугаа 131 улсын 28268 гадаадын иргэн оршин сууж байна.

  • 97154 * Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 97154 гадаадын иргэн байж болохоор байгаа боловч өнөөдрийн байдлаар 126 улсын 25419 гадаадын иргэн оршин сууж байгаа нь Монгол Улсын харьяат хүн амын 0.8 хувийг эзэлж байна. Үүний дотор нэг улсын иргэн нэг хувь буюу 32.384 гадаадын иргэн байж болохоор байгаа боловч хамгийн өндөр хувийг эзэлж буй улс болох БНХАУ-ын 13248 иргэн нь Монгол Улсын харьяат хүн амын 0.4 хувийг эзэлж байна.

  • 10292 * Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний 10 сарын байдлаар 971 аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж буй 36 улсын 10292 гадаадын иргэнд шалгалт явууллаа. Эдгээр гадаадын иргэд нь боловсрол, эрүүл мэнд, шашин, авто засвар, уул уурхай, барилга, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж байна.

  • 9929 * Монгол Улсад HG буюу хөдөлмөр эрхлэгчээр 87 улсын 9929 иргэн оршин сууж байна.

  • 13633 * Засгийн газрын 7 удаагийн тогтоолоор 13633 гадаадын иргэнд ажиллах хүчний квот гарсанаас хөдөлмөр эрхлэх визийн зөвшөөрөл авсан БНХАУ-ын 8522 иргэнээс 6993 иргэн буюу 82 хувь нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан байна. Үүнд газрын тос, зам, гүүр, уул уурхайн салбар ихэнх хувийг эзэлж байна.

  • 335 сая 880 мянга * 2019 онд 67 улсын 1633 иргэн, харьяалалгүй 6 хүн зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 335 сая 880 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Үүнээс визийн хугацаа хэтрүүлсэн 784, бүртгэлийн журам зөрчсөн 352, Монгол Улсад оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн 195, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн 137, бусад 171 зөрчил байна. Зөрчил гаргасан гадаадын иргэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар өссөн байна. Харин зөрчил гаргасан уригчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.7 хувиар буурсан байна.

  • 1111 * Гадаадын иргэнийг урьж ажиллуулах явцдаа зөрчил гаргасан 1111 уригч иргэн, аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу 1 тэрбум 32,2 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Үүнээс, 117 иргэн, аж ахуй нэгж, байгууллага урьсан гадаадын иргэнээ хуулийн хугацаанд бүртгүүлээгүй, 820 иргэн, аж ахуй нэгж, байгууллага урьсан гадаадын иргэнийхээ оршин суух зөвшөөрлийн хугацааг, 174 иргэн, аж ахуй нэгж, байгууллага урьсан гадаадын иргэнийхээ визийн хугацааг хэтрүүлсэн зөрчил байжээ. а.

  • 372 *2019 онд 22 улсын 372 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. Тодруулбал, Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 245, визийн хугацаа хэтрүүлсэн 66, тус улсын шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 30, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн 19, бусад үндэслэлээр 12 гадаадын иргэнийг албадан гаргасан байна. Албадан гаргасан гадаадын иргэний 311 буюу 83.6 хувь нь түр ирэгч /“B”, “J” ангиллын визтэй иргэд/ бөгөөд үүнээс 267 нь БНХАУ-ын иргэд байна.