монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2019 ОНЫ “ОНЦЛОХ 10 АЖИЛ”

Admin 2019/12/30 Видео мэдээ, Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр

  1. Албан хаагчдынхаа ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагын дэргэд 75-100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг байгуулж, дунд, ахлах, бэлтгэл гэсэн 3 бүлэгт хүүхэд багачуудаа хүлээн авлаа.
  2. Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн байгууллагын даргын тушаалаар 111 албан хаагчийн цалингийн шатлалыг нэмэгдүүлж, 76 албан хаагчид зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо. Ингэснээр давхардсан тоогоор 187 албан хаагчийн сарын цалин 15,803-187,626 төгрөгөөр буюу нэг албан хаагчид дунджаар 149,085 төгрөг нэмэгдэж нийт 7,613,100 төгрөгийн нэмэгдлийг сар бүр олгож эхэлсэнээс гадна төрийн үйлчилгээний 7 албан хаагчийн мэргэшлийн зэргийг тогтоож, нэмэгдлийг олголоо.

Хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр

  1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өгөх байгууллагын саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагаж гарах Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсрууллаа.

Төрийн үйлчилгээний чиглэлээр

  1. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын дагуу улс орон даяар зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т Гадаадын иргэн, харьяатын газар хамрагдаж, 96.75 үнэлгээгээр амжилттай дүгнэгдэв.
  2. Цахим засаг үндэсний хөтөлбөр болон байгууллагын “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд визийн зөвшөөрлийг цахимаар олгох үйлчилгээг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүллээ. Одоогоор визийн зөвшөөрлийн 6 төрлийн үйлчилгээг цахимаар олгож байна. Энэхүү үйлчилгээ нь байгууллагад ирэх иргэд, үйлчлүүлэгчдийн санхүүгийн зардал болон цаг хугацааг хэмнэсэн үйлчилгээ юм.

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр

  1. Өмнөд бүс дэх газарт албаны болон орон сууцны барилга барих ажлыг эхлүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр барилгын шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Тус барилгын хөрөнгийн асуудлыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хилээр орох-гарах тэнхимийн тусламжаар шийдвэрлэсэн бөгөөд барилга 2020 оны эхний хагас жилд ашиглалтад орно.
  2. Авто машины парк шинэчлэх ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөд бүс дэх газар, Баян-Өлгий аймаг дахь хэлтэс, Говь-Алтай аймгийн төлөөлөлд фургон автомашин, Дорноговь дахь газарт старекс автомашин, Хойд бүс дэх газарт Land Cruiser 200 маркийн автомашиныг тус тус гардууллаа. Мөн хяналт шалгалтын үйл ажиллагаанд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, өдөр тутмын албан хэрэгцээнд ашиглах зорилгоор нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг бүсийн 3 газар болон хяналт шалгалтын газарт хүлээлгэн өгөв.

Бусад

  1. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар байгууллагын төв байрыг “Дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт”-д багтаан батлуулж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Дотоодын цэргийн хамгаалалтад орлоо.
  2. Төрийн дээд одон медалиар нийт 7 албан хаагч шагнагдаж, ажлаа үнэлүүллээ.
  3. Байгууллагын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 08 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНСУ-ын виз мэдүүлэхэд шаардагддаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцалж, хууль бусаар оршин суух болон хөдөлмөр эрхлэх магадлал багатай виз мэдүүлэгчийн материалыг шалгах хугацааг багасгах асуудлуудыг шийдвэрлэлээ.