Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Өнгөрөгч онд 519 хяналт шалгалтыг зохион байгууллаа

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 2023 онд төлөвлөгөөт 37, төлөвлөгөөт бус 482, нийт 519 хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар 1013 аж ахуйн нэгж байгууллага, 6640 гадаадын иргэний баримт бичгийг шалгаж, 218 зөрчлийг илрүүлж,  1.4 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Мөн хууль тогтоомж зөрчсөн 24 улсын 395 гадаадын иргэнийг оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.