Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Удирдах албан тушаалтны нэгдсэн цугларалт” боллоо

       Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах албан тушаалтны нэгдсэн цугларалт” нэгдүгээр сарын 10-аас 11-ны өдрүүдэд боллоо. Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилт түүнд хүрэх бодлого, шийдвэр, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэлэлцэх, түүнчлэн удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилготой уг цугларалтад төв болон боомт,орон нутаг дахь бүсийн газар, хэлтсийн дарга  нар, мөн чиглэл хариуцсан ахлах албан тушаалтнууд зэрэг нийт 30 гаруй албан  хаагч оролцов.

            Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр арга хэмжээг нээж, онцлох ажлуудын үр дүнг танилцуулж хэлсэн үгэндээ “ Бид өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчноо сайжруулж, цахим шинэчлэлүүдийг үе шаттайгаар хийлээ. Тодруулбал, 2021 оноос хойш виз зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээ цахимжиж, нийт 170 гаруй мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Цахимжихаас өмнө өдөрт дунджаар биечлэн ирсэн 240-520 иргэнд үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо өдөрт 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг боллоо. Цаашдаа ч удирдлагын оролцоо бага, үйл ажиллагаа нь бүрэн цахимжсан байгууллага болох ёстой. Өөрөөр хэлбэл, Байгууллагын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх үйлчилгээ хэн нэгэн дарга, удирдлагын хүсэл зорилгоос үл хамааран,  техник технологи, программ хангамжаар шийдэгддэг, байгууллага, хамт олны соёл нь зөв нөлөөллийг үзүүлдэг байх нь нэн тэргүүний зорилт юм. Мөн албан хаагчдын асуудалд хандах хандлагыг эергээр өөрчлөх, шат шатны удирдах албан тушаалтнууд захиран тушаах бус хууль ёс, ёс зүйтэйгээр өөрсдийн биеэр үлгэрлэн манлайлах нь чухал” гэдгийг онцлов.

          Уг цугларалтаар өнгөрсөн оны ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэж хэлэлцэхээс гадна албан хаагчдын сэтгэлгээ, ёс зүйн хандлага, уламжлалт зан үйлийг өөрчлөх, шинэ мэдлэг мэдээлэл олгох зорилгоор зохиолч, эрдэмтэн, судлаачдыг урьж, удирдах ажилтны манлайлал, хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулав. Сургалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “ Та шинэчлэлд бэлэн үү” сэдвээр лекц уншиж, дэлхий нийтийн хандлага, соёлын өөрчлөлт, өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар сонирхолтой мэдээлэл өгөв. Төрийн албаны зөвлөлөөс Канадын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн хүрээнд Хүний нөөцийн удирдлага, Ёс зүйн менежментийн дэд төслүүд Гадаадын иргэн харьяатын газарт 2022 онд хэрэгжсэн. Төслийн үр дүнд албан хаагчдыг сургах, залуучууд төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах, ажил мэргэжилдээ өсөн дэвших нөхцөл боломжууд бүрдсэн билээ.

Монгол Улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их сургуулийн хүндэт доктор, С.Нарангэрэл “Монголын төрийн албаны уламжлал, удирдах албан тушаалтны эх оронч сэтгэлгээ” сэдвийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, монголчуудын уламжлалт ёс суртахуун, шударга ёсыг хэрхэн бэхжүүлж байсан талаар албан хаагчдад лекц уншлаа.

Мөн Төрийн соёрхолт, зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Монголчуудын сэтгэл зүйн онцлог, үнэт зүйл”, Дипломатч,  түүхийн ухааны доктор Ё. Отгонбаяр  “Дэлхий дахины өнөөгийн шинэ геополитикийн нөхцөл байдал, Түүхийн ухааны доктор, судлаач Р. Болд “ Дэлхийн шинэ дэг журам ба Монгол”, Полиси төвийн захирал, лектор Б.Эрдэнэгэрэл “Удирдлагын манлайлал” сэдвээр тус тус лекц уншсан юм. Энэ удаагийн цугларалт нь удирдах албан тушаалтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шинэ мэдлэг мэдээллээр хангасан чухал ач холбогдолтой болж байна.