Бид юу хийдэг вэ?
  1. Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах хувийн урилга олгох, гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх;
  2. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  3. Иргэний харьяалал, цагаачлал, гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх;
  4. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлж байна.
Бид юу хийдэг вэ?

Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба байгуулагдсанаар Монгол Улсад байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй иргэдийн бүртгэл хяналтыг төвлөрүүлэн хариуцах бие даасан статустай байгууллага бий болох үндэс суурь тавигдсан юм.

Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон өргөжив.

Хилийн боомтын тухай хууль 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газартай нэгтгэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулж байв.

Улмаар Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрыг шинэчлэн байгуулав.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-аар Монгол Улсын Хилийн тухай хуулийг шинэчлэн баталснаар Гадаадын иргэн, харьяатын газрын Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, орон тоог Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шинэчлэн баталлаа.

Хүний эрхийг дээдэлсэн нэгэн зорилготой хамт олон таны өмнө Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд:

 

Эрхэм зорилго

Хүний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашгийг дээдэлж, олон улсын жишигт нийцсэн нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулахад оршино.

 

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Байгууллага нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

1. Удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар удирдлагын манлайллыг хангах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх;

2. Хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар оновчтой, цомхон, чадварлаг бүтцийг бий болгох, хөгжүүлэх;

3. Олон улсын болон гадаад орны ижил төстэй байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийн талаарх олон улсын болон хоёр талт гэрээний хэрэгжилтийг хангах;

4. Нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх.

 

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Байгууллага нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг дэвшүүлж ажиллана:

1.  Төрийн ажил үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чанартай, шуурхай, хүртээмжтэй, нээлттэй хүргэх тогтолцоог бүрдүүлэх;

2. Иргэний харьяалал, цагаачлалын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах;

3. Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэдэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;

4. Удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлох, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг шат дараатайгаар дээшлүүлэх,гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

5. Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төсөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах;

6. Үйл ажиллагаандаа мэдээлэл, технологийн дэвшилтэт техникийг нэвтрүүлэх;

7.  Хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж, үр дүнд үнэлгээ өгөх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг тогтмол зохион байгуулж албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах.