Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын “Мэргэжлийн зөвлөл”-ийн хурал өнөөдөр /2022.02.28/ өдөр боллоо. Хуралдаанаар зарим олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл сунгах талаар хэлэлцэж, Австрали Улсад төвтэй “Эй Ви Ай”, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төвтэй “Хэлп интернэшнл”, Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Ворлд лёрнинг”, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төвтэй “Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сан” төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилээр, Швейцарийн Холбооны Улсад төвтэй “Claim”, Канад Улсад төвтэй “Дүфрэснэ готьерын сан” төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилээр сунгахыг тус тус дэмжив.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд шинэчлэгдсэн журмаар зөвшөөрлийн хугацааг үйл ажиллагааны тогтвортой байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилт, цар хүрээ, ажлын байр бий болгосон байдал зэргийг харгалзан 3-5 хүртэл жилээр сунгахаар зохицуулсан юм.