Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газраас Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаадын иргэнийг уригч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлд эрх зүйн шинэчлэл, цахим үйлчилгээг сурталчлан таниулах зөвлөгөөнийг Дархан хотод зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Хойд бүс дэх газрын хариуцсан аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай, зам гүүр, төмрийн үйлдвэрлэл, шашин, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 35 аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан юм.
Зөвлөгөөнөөр Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуульд орсон нэмэлт өөрчлөлт, шинэчлэн батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам” болон байгууллагын цахим үйлчилгээний талаар танилцуулж, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөнд оролцогчид Гадаадын иргэн, харьяатын газраас хийж хэрэгжүүлсэн эрх зүйн шинэчлэл, үйлчилгээний цахимжуулалт нь цаг хугацаа, зардлыг ихэд хэмнэж, үйлчилгээ авахад хялбар, хүндрэл чирэгдэл багатай байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа. Мөн цаашид төрийн үйлчилгээг боломжит бүх хэлбэрээр цахимжуулахыг хүссэн юм.