Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

122 төрлийн үйлчилгээг цахимжууллаа

Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор 122 төрлийн үйлчилгээгээ цахимжуулж, өнөөдрийн байдлаар нийт 9277 гадаадын иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ. Тодруулбал, гадаадын иргэний бүртгэл болон виз зөвшөөрлийн 57, оршин суух зөвшөөрөл сунгалтын 56 төрлийн үйлчилгээг цахимжуулж, 4325 гадаадын иргэнийг цахимаар бүртгэж, 3783 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 1125 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл сунгалтын үйлчилгээг тус тус үзүүлсэн байна.           

Мөн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан лавлагаа, тодорхойлолт авах 8 төрлийн үйлчилгээг E-Mongolia цахим системд нэгтгэжээ.

 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цахим визийн evisa.mn системийг 2021 оны 10-р сарын 1-ний өдрөөс нэвтрүүлж, 30 улсын 956 иргэнд цахим виз олголоо.

Цахим виз олгох улсын жагсаалтад манай улсыг зорих жуулчдын тоогоор тэргүүлдэг Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг 36 улс багтсан. Эдгээр улсын иргэд  цахим визийн системээр 30 хүртэлх хоногийн хугацаатай, 3 ангиллын визийг мэдүүлж, 72 цагийн дотор виз авах боломжтой.