Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад энэ сарын 23-27-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.
Уг айлчлалаар олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Туркийн Цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр албан уулзалтуудыг хийж буй юм.
Энэ хүрээнд тавдугаар сарын 24-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Турк Улсын Дотоод хэргийн яамны харьяа Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Саваш Үнлүтэй уулзаж 2018 онд байгуулсан “Хамтарсан мэдэгдэл”-ийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцлоо. Мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, цагаачлалын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай амжилттай өргөжин тэлж буйг талууд онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, харилцан туршлага солилцож, байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийн нэвтрүүлэх, албан хаагчдыг ур чадварыг дээшлүүлэх, нарийн мэргэшүүлж сургах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Мөн айлчлалын төлөөлөгчид тус байгууллагын үйл ажиллагаатай танилцан, туршлага судласан юм.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (TIKA)-т тавдугаар сарын 25-ны өдөр айлчилж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү арга хэмжээний үеэр газрын дарга Н.Ууганбаяр ерөнхийлөгч Сэрхан Хаяалартай албан уулзалт хийв.
Уг уулзалтын үеэр Н.Ууганбаяр дарга байгууллагад хийгдэж буй цахим шинэчлэлийн хүрээнд мэдээлэл, технологийн шинэлэг шийдлүүдийг үйлчилгээнд нэвтрүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Уг хүсэлтийг ерөнхийлөгч Сэрхан Хаяалар найрсагаар хүлээн авч, хамтарсан сургалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ.
Мөн айлчлалын үеэр Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр төлөөлөгчдийг хүлээн авч, иргэд хоорондын зорчих хөдөлгөөн, харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн албан айлчлал хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагын харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өндөр ач холбогдолтой болж байна.