Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн болон Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл, мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Уг уулзалтаар цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах чиглэлээр төрийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, гадаадын ажиллах хүч болон виз, оршин суух зөвшөөрөл, цахим виз олголт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцон, тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцсан юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 улсын 16 мянга гаруй гадаадын иргэн түр , албан болон хувийн хэргээр оршиж сууж байгаа бөгөөд үүнээс 1600 орчим нь хөрөнгө оруулах зорилгоор Монгол Улсад оршин сууж байна. Энэ нь цар тахлын жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр виз, оршин суух зөвшөөрөл авахад чирэгдэл багатай байх, үйлчилгээг цахимжуулж хялбарчлах асуудлыг онцгойлон анхаарч буй талаар тус газрын дарга Н.Ууганбаяр тодотгов.
Мөн энэ үеэр Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ш.Алтантулга нар виз, оршин суух зөвшөөрөл, цахим визийн систем, цахим виз мэдүүлэхэд анхаарах асуудал, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Төрийн байгууллагуудын мэдээллийн дараагаар улзалтад оролцогчид асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ур чадвар шаардсан нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг гадаадаас авч ажиллуулах, ажиллах хүч авах үйл явцыг хялбаршуулах, жуулчдыг татахад төрийн оновчтой бодлого, шийдвэрийг тогтвортой хэрэгжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жишиг маршрутыг тогтоох шаардлагатайг тодотгож байсан юм.