Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны дэд сайд Чан Тань Нам, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам болон бусад холбогдох албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны өргөжүүлэх, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч болон жуулчдыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Монгол Улсын Засгийн газраас барьж буй цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж, гадаадын иргэд Монгол Улсад зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, жуулчид болон хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж буй талаараа онцлов.
БНСВУ-ын Хөдөө Аж Ахуй, Хөдөөгийн Хөгжлийн Яамны дэд сайд Чан Тань Нам Монгол Улсад оршин сууж буй тус улсын иргэдэд ажиллаж, амьдрах хууль эрх зүйн таатай нөхцөл бүрдсэнд талархлаа илэрхийллээ. Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар аялал жуулчлалын зорилгоор ирэх гадаадын иргэдэд цахим виз олгож байгаа бөгөөд цахим виз олгох улсуудын жагсаалтад Монгол Улс багтаж буйг тодотголоо. Түүнчлэн Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэд цахим виз авах хүсэлтэй байгааг уламжлав.
Монгол Улсад 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар БНСВУ-ын түр, албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 340 иргэн байна.