Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Аялал жуулчлалын улирал эхэлж, Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад түр ирсэн болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг энэ сарын 13-ны өдрөөс биечлэн болон цахимаар хүлээн авч эхэлсэн. Тэгвэл зургаадугаар сарын байдлаар биечлэн ирүүлсэн 27 улсын 234 иргэний хүсэлт, цахимаар ирүүлсэн 33 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын байгууллагын 67 иргэний хүсэлтийг тус тус шийдвэрлэлээ.
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах цахим хүсэлтээ https://immigration.gov.mn/ хуудсаар илгээх бөгөөд үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус цахим хуудаснаас англи, орос, хятад, солонгос 4 хэлээр авах боломжтой юм.
Виз сунгалтын хүсэлтийг ийнхүү цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээг Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгэхийг анхаарна уу.
Түүнчлэн түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргах боломжтойг сануулж байна.