Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын 6 албан хаагч өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нээв. Тэрээр  Төрийн захиргааны албан тушаалд анх томилогдож буй албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлага, ёс зүйтэй гүйцэтгэж, бусдыгаа үлгэрлэн манлайлагч, шилдэг тэргүүний албан хаагчид болохыг захисан юм.

 

Мөн энэ үеэр виз, зөвшөөрлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Мандах өөрийн ажлын туршлага, дурсамжаасаа хуваалцаж, тангараг өргөж буй албан хаагчдад амжилт хүсэв.

Мөн энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн нэгжтэй хамтран хэрэгжүүлж буй дэд төслийн зөвлөхүүд оролцож, тангараг өргөсөн албан хаагчдад дурсгалын зүйл гардуулсан юм.