Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр,Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж байгаа "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд "Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага, төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх” дэд төслийг 6 яам, 5 агентлаг, 3 аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэгжиж байгаа дэд төслийн явцын үр дүнг хэлэлцэх, харилцан туршлага солилцох зорилготой уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр болон хүний нөөцийн ахлах мэргэжилтэн В.Шоовдор нар оролцож, дэд төслийн хүрээнд зохион байгуулсан ажлууд, тэдгээрийн үр дүнгээ танилцуулав. Тухайлбал, төрийн албан хаагчийн тусгай шалгалтад анх удаа ур чадварыг илрүүлэх STAR аргачлалыг ашиглан зохион байгуулжээ. Ингэхдээ нэр дэвшигчийн эерэг, сөрөг зан үйлийг үнэлэн үнэлгээ өгч, байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд цогц чадамжид суурилсан хүний нөөцийн менежментийг нэвтрүүлэх ур чадварт суралцсан байна. Мөн төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ албан хаагчийн, гүйцэтгэх болон удирдах түвшний албан хаагчийн сургалтыг зохион байгуулж, албан хаагчдаа бүрэн хамруулсан байна. Түүнчлэн шинэ үеийн залуу албан хаагч болон дунд, ахмад насны албан хаагчдын үе хоорондын харилцааг сайжруулах, залуу албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадавхыг богино хугацаанд дээшлүүлэх, ёс зүйн үнэт зүйл, хандлагыг чиглүүлэх зорилготой менторшип хөтөлбөрийг дэд төслийн хүрээнд амжилттай зохион байгуулж, ментор, ментий албан хаагчид харилцан суралцсан үр дүнтэй хөтөлбөр болсныг онцоллоо.
Мөн төрийн албан хаагчийн иргэнд үйлчлэх сэдлийг бадраах, бодлогын асуудлыг шийдвэрлэхэд оролцох урам зоригийг сэргээх, ёс зүйг сахин ажиллах хандлагыг төлөвшүүлэх зорилготойгоор шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолыг онцлогтойгоор зохион байгуулсан туршлагаа оролцогчидтой хуваалцсан юм. Танилцуулгын дараа бусад агентлагийн удирдлагууд дэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа товч танилцуулж, хүрсэн үр дүн, цаашид анхаарах асуудлууд, тулгарч буй бэрхшээл, давуу тал зэргээ хэлэлцэж, харилцан солилцсон юм.
Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон дээрх 5 агентлагийн дарга нар, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов.