Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

БНСУ-ын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвтэй хамтран ажиллана

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр БНСУ-ын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвийн захирал Кан Дун Кван, дэд захирал Шун Хун Ки нартай өнөөдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвтэй хамтарсан ODA төсөл хэрэгжүүлэх, төслийн хүрээнд хийгдэх ажлын талаар харилцан санал солилцсон юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын боловсон хүчний чадавхыг сайжруулах, техник технологийн шинэчлэлийг хийх, олон улсын болон дотоодын шилжилт хөдөлгөөн, цагаачлалын бодлогын талаар судалгаа шинжилгээг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч буйг онцлоод энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвийн захирал Кан Дун Кваны зүгээс Монгол Улсад албан ёсны хөгжлийн тусламжийн төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, цаашид сайжруулах, шийдвэрлэх шаардлагатай асуудлаар дэлгэрэнгүй саналаа ирүүлэхийг хүссэн юм.

Тус төв нь БНСУ-ын Шилжилт хөдөлгөөний талаарх судалгаа, сургалт хийдэг цорын ганц байгууллага бөгөөд Шилжилт хөдөлгөөний бодлого боловсруулах талаар зургаан чиглэлийн судалгаа, дөрвөн чиглэлийн сургалт хийж байна.