Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар АНУ-ын Элчин сайдын яам хамтран “Баримт бичгийн нууцлал, хуурмаг баримт бичиг илрүүлэх, залилагч этгээдийг таних нь” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалтын сургагч багшаар АНУ-ын Элчин сайдын яамны мөрдөн шалгах ажил хариуцсан атташе, дэд консул Роберт Куденкауф, ахлах ажилтан П.Даваажаргал нар ажиллаж, баримт бичгийн нууцлал, аюулгүй байдал, хэвлэлийн төрлүүдийн талаар мэдээлэл өгч, тоног төхөөрөмж ашиглах, хуурамч баримт бичгийг илрүүлэх арга туршлагаасаа хуваалцсан юм.
Мөн тэрээр баримт бичиг нь жинхэнэ ч гэсэн, түүний цаана залилах гэмт хэрэг нуугдаж байдаг талаар онцлоод, залилагч этгээдийн дүр төрх таних арга зүйн талаар мэдээлэл өгөв.
Сургалтад Захиргаа удирдлагын газар, Виз, зөвшөөрлийн газар, Зөрчил шалган шийдвэрлэх газрын албан хаагчид танхимаар, боомт, орон нутаг дахь газрын албан хаагчид цахим хэлбэрээр хамрагдлаа.