Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Төрийн албаны зөвлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн нэгж хамтран зохион байгуулсан “Бүтээмжит төрийн байгууллага” шалгаруулах уралдаанд Гадаадын иргэн, харьяатын газар тэргүүн байр эзэллээ. Шагналыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх" нь төслийн зөвлөх доктор Д.Дэмчигсүрэн, Сургалт, судалгааны мэдээллийн нэгдсэн сангийн газрын дарга Ж.Эрдэнэбат нар өнөөдөр гардуулав.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх ажлын хүрээнд цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд шилжих ажлыг үр дүнтэй санаачлан хэрэгжүүлж буйг үнэлэн ийнхүү “Бүтээмжит төрийн байгууллага”-аар шалгаруулсан байна.
Гадаадын иргэн, харьяатын газар нь 7 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 38 мянга гаруй гадаадын иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр иргэд үйлчилгээ авахын тулд хамгийн багадаа 6-7 удаа өөрийн биеэр ирдэг байсныг халж, байгууллагад хүрэлцэн ирэхэд зарцуулдаг цаг хугацаа болон санхүүгийн зардлыг бодитойгоор хэмнэх боломжийг бүрдүүллээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, олон улсын жишигт дүйцсэн чанартай ажил, үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, шуурхай хүргэж байна.