Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

       Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөл боломж болон худалдаа, эдийн засгийн чиглэлээр хөрөнгө оруулагч, жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.

            Уулзалтын эхэнд  Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Монгол Улс болон Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд  Монгол залуучууд Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсад жуулчлах хүсэлтэй Австралийн Холбооны Улсын иргэд www.evisa.mn системээр цахим виз мэдүүлэх боломжтой болсныг онцлов.

            Түүнчлэн Монгол Улсын иргэд олноор оршин суудаг орнуудын Цагаачлалын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгааг дурдаад, цаашид Австрали Улсын Цагаачлалын байгууллагатай харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

             

            Элчин сайд, хатагтай Кэти Смит Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцлоод, Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, бүхий талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.