Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Их Хурлын ээлжит хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг тус хуулийн санаачлагч Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Б.Пүрэвдорж нийт албан хаагчдад өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хуулийн, нэмэлт өөрчлөлтөөр төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагуудын нэг болж байгаад баяртай буйгаа илэрхийлээд байгууллагын хөгжилд тодоор бичигдэх нэгэн шинэ түүхийн хуудсыг нээсэн үйл явдал болсныг онцлов.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Б.Пүрэвдорж “Гадаадын иргэн, харьяатын газар бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудаас нэлээн онцгой үүрэг гүйцэтгэдэг байгууллага хэдий ч энэ байгууллага ганцаараа энгийн албан хаагчдаар төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгүүлж байсан. Энэ статусыг нэг шатаар ахиулж, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх түүхэн боломж хуулийн боломж бүрдсэн. Тиймээс та бүхэн байгууллагынхаа нэр төрийн өндөрт өргөж, үйлчлүүлж буй гадаадын иргэдэд хамгийн найрсаг, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэн, Монгол гэдэг нэрийг илэрхийлэх гол үүргээ хариуцлагатай биелүүлж, ажиллаарай.” гэв.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн авах арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага, газар, хэлтсийн дарга болон албан хаагчид оролцлоо.