Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
“Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн хоёр бүлийн 3 хүүхдийг аав, ээжийнх нь хамт Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Давааням, Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт, “Холт интернэйшнл” олон улсын байгууллагын Монгол Улс дахь Салбар төлөөлөгчийн газрын тэргүүн Н.Тунгалаг болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Уулзалтаар хүүхдүүдийн Монгол Улсад анх удаа ирсэн сэтгэгдлээс хуваалцаж, хүсэл сонирхол, ирээдүйн зорилгын талаар сонирхолтой яриа өрнүүлэв.
Эдгээр хүүхдүүд нь 1999 онд АНУ-ын иргэн Кабелусын гэр бүлд, 2007 он, 2004 онд АНУ-ын иргэн Бийчийн гэр бүлд тус тус үрчлэгдсэн юм. Кабелусын гэр бүлд үрчлэгдсэн хүүхэд онлайн худалдааны Амазон компанид ажилладаг бол Бийчийн гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд ахлах сургууль болон бизнесийн чиглэлээр их сургуульд суралцаж байна. Кабелус, Бийч нарын гэр бүл хүүхдүүддээ Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцуулах зорилгоор ийнхүү Монголд иржээ.
Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 274 хүүхдийг АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд, Итали зэрэг 17 орны гэр бүлд үрчлүүлсэн байна. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д 157, ХБНГУ-д 36, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.