Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэнд бүртгэлийн дугаарыг олгож эхэллээ

Улсын Их Хурлаас гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр баталсантай холбогдуулан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг хуульд нийцүүлэх боловсруулж шинэчлэн батлуулахад бэлэн боллоо.

Уг журмын төслүүдэд визийн ангиллыг төрөлжүүлж олшруулах, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөвчлөх, томоохон зохицуулалтыг тусгаж, хүргүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Тухайлбал, цахим визийн системийн хөгжүүлэлтийг хийж, evisa.mn сайтаар дамжуулан визийн хүсэлтийг хүлээн авах эхний хувилбарыг ажиллагаанд оруулан, бэлтгэлийг хангасан. Ингэснээр гадаадын иргэн цахимаар гурван төрлийн виз (жуулчин ангиллын К-2, соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд К-4, дамжин өнгөрөх гадаадын иргэнд К-6)-г авах боломж бүрдэнэ.

Мөн Монгол Улсын визийн ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлж, гадаадын иргэнд олгох визийн ангиллыг 64 болгон нэмэгдүүлж, төрөлжүүлснээр статистик тоон мэдээлэл тодорхой гарах, гадаадын иргэн Монгол Улсад ирэх зорилготойгоо нийцсэн визийн ангиллаа мэдүүлэх боломж бүрдэх юм. Мөн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн давхцахгүй өгөгдөлд суурилсан технологийг нэвтрүүлэхэд шаардагдах програм хөгжүүлэлтийг гүйцэтгэж байна.

Програмын шинэчлэлийг хилийн шалган нэвтрүүлэх албанд нэвтрүүлж, цахим визийн програмтай холбох болон хүний биеийн давхцахгүй өгөгдлийг бүртгэх техник хэрэгслийг хүлээн авах ажлыг 09 дүгээр сард хийж гүйцэтгэснээр гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед хилийн боомтуудад биеийн давхцахгүй өгөгдлийг авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.

Хил орчмын нутаг дэвсгэрт богино хугацааны аялал жуулчлал хийх, гадаадын иргэнд визийн нөхцлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай байдлыг хангах зорилгоор цахимаар визийн хүсэлт авч виз олгох, цаашид аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хил орчмын нутаг дэвсгэрт аялах визийг тухай боомтод олгох зохицуулалтыг холбогдох журмын төсөлд тусгасан болно.

Монгол Улсын хилээр орж ирсэн гадаадын иргэнд 13 орон бүхий бүртгэлийн дугаар олгох програм хангамж /RNSF/-ийг хөгжүүлэн, 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлж, Монгол Улсад байгаа гадаадын иргэнд бүртгэлийн дугаарыг олгож эхэллээ. Энэ програмыг төрийн бүх байгууллага болон хувийн хэвшил (банк, зочид буудал, оператор компани гэх мэт)-ийн байгууллагууд ашиглах боломжтой бөгөөд програм үйлчилгээнд нэвтэрснээр гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, цахимаар үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэж, гадаадын иргэний бүртгэл, хяналт сайжирна.

Ухаалаг төхөөрөмжид зориулсан гадаадын иргэнийг бүртгүүлэх бүртгэлийн програм хангамжийг хөгжүүлж, 06 дугаар сарын 04-ны өдөр эхний хувилбарыг нэвтрүүлснээр гадаадын иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсныг хөнгөвчилж, 48 цагийн дотор гар утаснаас эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой болсон.