Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

АНУ-д үрчлэгдсэн охиныг гэр бүлийн хамт хүлээн авч уулзлаа

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад үрчлэгдсэн Солонго буюу Sophie Solongo Hillend охин аав, ээжийнхээ хамт эх орондоо ирэх үеэр нь Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Sophie Solongo Hillend охин 2003 онд “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан James Richard болон Jennifer Lynn Hillend нарын гэр бүлд үрчлэгдсэн бөгөөд ийнхүү 20 жилийн дараа эх орондоо ирсэн нь энэ юм. Тэрээр одоо 21 настай ба эрүүгийн эрх зүйн чиглэлээр суралцдаг аж.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн хүрээнд гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдүүдэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд олон улсад үрчлэгдсэн хүүхдүүдтэй ийнхүү эргэх холбоотой ажиллаж байна. Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 274 хүүхдийг АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд, Итали зэрэг 17 орны гэр бүлд үрчлүүлсэн. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д 157, ХБНГУ-д 36, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.