Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Канадын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн хүрээнд Хүний нөөцийн удирдлага, Ёс зүйн менежментийн дэд төслүүд Гадаадын иргэн харьяатын газарт 2022 онд хэрэгжсэн. Тэгвэл төслийн үр дүн, үр нөлөөг хэлэлцэж, санал солилцох уулзалт өнөөдөр /2023. 11. 02/ боллоо.
Уг уулзалт, хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д. Баатарсайхан, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани, Канадын Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Кирил Иорданов, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска болон бусад төлөөлөгчид, Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага, албан хаагчид оролцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Байгууллагын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх үйлчилгээ хэн нэгэн дарга, удирдлагын хүсэл зорилгоос үл хамааран, программ хангамжаар шийддэг, байгууллага, хамт олны соёл нь зөв нөлөөллийг үзүүлдэг байхад голчлон анхаарсан. Үүнийхээ үр дүнг ч хүртэж эхэлж байна. Мөн албан хаагчдын асуудалд хандах хандлага өөрчлөгдөх, шат шатны дарга нар захиран тушаах бус хууль ёс, ёс зүйтэйгээр өөрсдийн биеэр үлгэрлэн манлайлах зэрэг төслийн зорилго, зорилтууд манай байгууллагад амжилттай хэрэгжсэн юм. Цаашид энэхүү төсөл үргэлжлэн хэрэгжиж, олон мянган төрийн албан хаагчид үр шимийг нь дахин хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани, Канадын Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Кирил Иорданов нар нь Монгол Улсад томилогдож ирснээсээ хойш төсөл хэрэгжсэн байгууллагын албан хаагчидтай анх удаагаа уулзаж байгаа бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газар төслийн үйл ажиллагааг өөрийн болгон авч, манлайлан оролцож байгаа нь төслийг улам тогтвортой болгоход ач холбогдлоо өгч байна гэв.
Мөн хэлэлцүүлэгт оролцсон албан хаагчид төсөл хэрэгжүүлснээр гарсан үр дүн, үр нөлөө, өөрчлөлт, ахиц дэвшлийн талаарх сэтгэгдэл, төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал, бодлоо хуваалцсан юм. Мөн төрийн албаны шинэтгэл, төсөл хөтөлбөрийн хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, залуучууд төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах, мерит зарчмаар шатлан дэвших нөхцөл боломж бүрдэж байгаад албан хаагчид талархлаа илэрхийллээ.