Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Төрийн жинхэнэ албан хаагчийн болон хяналтын улсын байцаагчийн тангараг өргөв

Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан түүхт 99 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн болон гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр /2023.11.27/ зохион байгууллаа. Тодруулбал, Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн төв, орон нутаг дахь нэгжийн нийт 5 албан хаагч төрийн албан албан хаагчийн тангараг, гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгогдсон 8 албан хаагч хяналтын улсын байцаагчийн тангараг өргөсөн юм.

Тангараг өргөх ёслолд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр оролцож, тангараг өргөсөн албан хаагчдад хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлж, ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо нэн тэргүүнд тавьж ажиллахыг хүслээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын хэмжээнд 187 албан хаагч төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаагаас 100 орчим нь хяналтын улсын байцаагч байна. Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийх эрхтэй албан тушаалтан юм.