Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Цахим үйлчилгээний шинэ системийг нэвтрүүлж, дэлхийн хаанаас ч үйлчилгээ авах боломж бүрдлээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чирэгдэл, олон шат дамжлагыг багасгах зорилгоор 2021 оноос хойш цахимжилтын ажлыг тасралтгүй хийсний үр дүнд 7-15 удаа биечлэн ирдэг иргэдийн ачааллыг хоёр удаа ирдэг болгон бууруулж, цахимаар үйлчилгээ авах нөхцөлийг бий болгосон.

Тэгвэл энэ удаад гадаадын иргэний бүртгэл хяналтын нэгдсэн шинэ системийг үйлчилгээнд нэвтрүүлж, дэлхийн өнцөг булан бүрд суугаа иргэн, хуулийн этгээдэд ДАН системийг ашиглан олон улсаас цахимаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ.  

          Энэ хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн эхний ээлжид

  • визийн зөвшөөрөл,

  • виз /ГИХГ-ын төвөөс олон удаагийн виз мэдүүлэх/,

  • оршин суух зөвшөөрөл шинээр хүсэх,

  • түр ирэгч гадаадын иргэний 48 цагийн  бүртгэл гэсэн 4 төрлийн үйлчилгээний хүсэлтийг байгууллагын immigration.gov.mn сайтаар хандаж шинэ системээр хүлээн авахаар боллоо.

            Харин дараах үйлчилгээнүүд буюу

  • визийн сунгалт хийх

  • оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх

  • оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх

  • оршин суух зөвшөөрлийн хасалт хийх

  • паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх

  • оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх

  • хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэх дахин авах хүсэлт гэсэн 7 төрлийн үйлчилгээг immigration.gov.mn үндсэн сайтад хандан eimmigration.mn системээр хүлээн авах бөгөөд цаашид үе шаттайгаар шинэ системд шилжүүлэхээр ажиллаж байна.         

            Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд immigration.gov.mn сайтад хандан үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, “Цахимаар үйлчилгээ авах” сонголтоор шинэ системд нэвтэрнэ.

Системд нэвтрэхдээ

 1. Монгол Улсын иргэн

  • Регистрийн дугаар,

  • Банкны эрх

  • Тоон гарын үсгээр

2. Гадаадын иргэн

  • F регистрийн дугаар

  • Банкны эрх

  • Тоон гарын үсгээр

3. Төрийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллага

  • Байгууллагын тоон гарын үсгээр

4. Олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар

  • Бүртгэлийн дугаар, байгууллагын нэр болон цахим хаягаар тус тус нэвтрэх юм.

            Түүнчлэн уг системээр виз мэдүүлгийн цаасан суурьтай маягтыг цахим хэлбэрт шилжүүлж, олон улсын жишиг, дэлхий даяар мөрдөгдөж буй стандартын дагуу уригдагч гадаадын иргэний гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, боловсролын мэдээлэл, харьяа  улс дахь хаяг ба холбоо барих мэдээлэл, ажиллаж буй ажил эсвэл сурч буй сургуулийн мэдээлэл, ажил эрхлэлтийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллүүдийг шаардах тул эдгээр мэдээллийг урьдчилан бэлтгэж, зааврын дагуу үнэн зөв мэдүүлэхийг сануулж байна.

            Ийнхүү шинэ системд шилжсэнээр олон улсад үйлчилгээ үзүүлэхээс гадна төрийн мэдээлэл солилцооны  “ХУР” системээр мэдээлэл солилцох, Гадаадын иргэн, харьяатын газрын бүх төрлийн үйлчилгээг нэг системээс авах, үйлчилгээний шийдвэрлэлтэд хэрэглэгч хяналт тавих, онлайнаар төлбөр хураамж төлөх зэрэг олон давуу талууд бүрдэж байна.