Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэж тайлангийн хурлаа өнөөдөр /2023.12.26/ хийлээ. Уг хуралд байгууллагын удирдлагууд болон ажилтан, албан хаагчид танхимаар болон цахимаар оролцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр тайлангийн хурлын үеэр ““Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-аар батлуулан, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын жагсаалтад багтаж, албан хаагч төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамрагдах болсон нь онцлох үйл явдлыг нэг юм. Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд үндсэн үйл ажиллагааны давсан орлогыг байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах болон албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр захиран зарцуулах эрхтэй болсон" гэв. Мөн цаашид гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтуудад албан хаагчдыг хамруулж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг тодотгов. Мөн 2023 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан шилдэг хамт олон, албан хаагчдыг шалгарууллаа. Байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Г. Хосбаатар, Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн С.Содбилэг, Хангалт, үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Б.Ганчимэг нар, “Тэргүүний нэгж”-ээр Виз зөвшөөрлийн газар тодров. Мөн нэгжийн “Тэргүүний албан хаагч”-аар 6 албан хаагч шагнагдлаа.
Түүнчлэн төрийн албанд хууль ёсыг бэхжүүлэх, Үндэсний аюулгүй байдал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулах, ил тод, нээлттэй, шуурхай хүргэх ажилд санаачилга гарган, мэргэжлийн ур чадвар, мэдлэг оюунаа дайчлан байгууллагын хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзулыг “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т бичиж, алдаршууллаа.