Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсад цагаачлал, шилжилт хөдөлгөөний чиглэлээр өрнөж буй үйл явдлын 7 хоногийн тойм

Бүгд Найрамдах Руанда Улс

Бүгд Найрамдах Руанда Улс руу албадан гаргах хууль бус цагаачдыг баривчилж эхэлжээ

Бүгд Найрамдах Руанда Улс руу албадан гаргахаар төлөвлөж буй хууль бус цагаачдыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Дотоод хэргийн яамны ажилтнууд баривчилж эхэлжээ.

Хууль бус цагаачдыг түр байрлуулах төвүүдэд 2200 хүртэл хүнийг байлгах боломжтой ба Их Британийн эрх баригчдын төлөвлөгөөний дагуу баривчлагдсан хүмүүсийг Руанда руу бөөнөөр нь албадан гаргах ажиллагаа 9-11 долоо хоногийн дараа эхлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Бүгд Найрамдах Солонгос Улс

Гадаад хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөрийг төсвөөс төлнө

Бүгд Найрамдах Солонгос Улсын Умард Кёнсан мужийн удирдлага анх удаа бусад аймгаас түрүүлж гадаад хүүхдүүдэд (3-5 нас) цэцэрлэгийн төлбөрийг аймгийн төсвөөс төлөх шийдвэр гаргалаа. Уг шийдвэр 2024 оны 07 дугаар сараас эхлэн хэрэгжих бөгөөд ингэснээр Умард Кёнсан мужид ясли, цэцэрлэгт явж байгаа гадаад иргэншилтэй 600 хүүхэд Солонгос хүүхдүүдтэй адил үнэ төлбөргүй цэцэрлэгт явах эрх нээгдэх юм.

Тус хөтөлбөр нь 2024 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд үр дүнгийн судалгаанд үндэслэж хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх талаарх шийдвэр гарах аж.

Эх сурвалж: Yonhap news

Бүгд Найрамдах Франц Улс

Парисын олимпод оролцох дүрвэгсдийн багийг танилцууллаа

 “Парис-2024” зуны олимпын наадамд дэлхийн 100 сая гаруй дүрвэгсдийг төлөөлөн оролцох хамгийн олон буюу 36 тамирчны бүрэлдэхүүнтэй дүрвэгсдийн багийг Олон улсын олимпын хороо танилцууллаа.

Олон улсын олимпын хорооны дүрвэгсдийн баг анх “Рио-2016” наадамд оролцож байсан бөгөөд гурав дахь олимподоо оролцох гэж байгаа нь энэ юм. Бразилд болсон наадамд оролцсон баг 10 тамирчны бүрэлдэхүүнтэй байсан бол “Токио-2020”-д 29 тамирчин оролцож байлаа.

Харин “Парис-2024” наадамд 11 өөр орны 36 тамирчин усанд сэлэлт, хөнгөн атлетик, бокс, унадаг дугуй, жүдо, таеквондо, хүндийн өргөлт, бөх зэрэг спортын 12 төрлөөр өрсөлдөх ажээ. Парисын олимп 07 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд зохиогдоно.

Эх сурвалж: https://www.lemonde.fr/