Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг өнөөдөр /2024. 10. 10/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, түүний үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA)-тай 2007 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, “E-immigration”, “Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, КОЙКA болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвтэй хамтран 2023-2025 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын 30 гаруй албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан байна. Мөн энэ хүрээнд цагаачлал, шилжилт хөдөлгөөний чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, түүний үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, туршлага солилцох боломж бүрдсэн юм.
Тус уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И. Баатархүү, Гадаад харилцаа, судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Билгүүн нар оролцов.